~Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Иран Улсад айлчилж байна~
Энэхүү айлчлал нь манай талаас хийж буй хариу айлчлал бөгөөд Монгол, Ираны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тодорхой салбаруудад, нэн ялангуяа худалдаа, эдийн засаг болон түүх соёл, боловсролын чиглэлд урагшлуулахад чиглэж байна.
Гадаад харилцааны дэд сайд 4-ний өдөр Иран Улсын Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зарифт бараалхав. Тэрээр мөн Ираны Гадаад хэргийн дэд сайд М.Фаразандехтэй албан ёсны хэлэлцээ хийж, Хөдөө аж ахуй, Аж үйлдвэр, худалдааyны дэд сайд М.Хосротаж, Шинжлэх Ухаан, технологи, судалгааны асуудал эрхэлсэн дэд сайд Х.Саларамоли нартай тус тус уулзаж, санал солилцов.
Дэд сайд Б.Батцэцэг Монгол, Ираны найрсаг харилцаа өнө эртний түүхэн улбаатай бөгөөд Ил Хаант Улсын үеийн хамтын түүхийг судлах ажил амжилттай хэрэгжиж байгааг онцлон тэмдэглэв.
Мөн худалдаа, эдийн засгийн талбарт худалдааг нэмэгдүүлэх боломжийг хоёр талдаа судлах, мэдээлэл солилцох, тус тусын ЭКСПО-д харилцан оролцох, хоёр улсын бизнесийн хэлхээ холбоог дэмжих үүднээс бизнес форум зохион байгуулах зэргээр хамтран ажиллах боломжтойг илэрхийлэв.
Иран Улсын Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф “Саяхан манай хоёр улсын төрийн тэргүүн нар олон улсын хурлын үеэр уулзаж, монгол, ираны харилцааг өргөжүүлэх талаар үр дүнтэй санал солилцсон нь чухал ач холбогдолтой болсон.
Монгол, ираны хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байна” гээд цаашид хамтын ажиллагааны боломжуудыг сайтар эрэлхийлж ажиллахаа илэрхийлэв.
Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газар улсынхаа эдийн засаг, худалдааг төрөлжүүлэхийг чухалчилж байгааг тайлбарлаж, энэ хүрээнд Иран улс руу хийж буй манай улсын экспорт сүүлийн 2 жилд огцом өгч, Монголын бизнес эрхлэгчид халал аргаар боловсруулсан махны экспортыг амжилттай эхлүүлээд байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Ираны тал цаашид хоёр улсын Хөдөө аж ахуйн яамд хамтран махны болон бусад бараа бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллах шаардлагатай байгааг дурдаж, Ираны зүгээс жимс, самар, бусад хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн Монгол Улсад нийлүүлэх боломжтойг танилцуулав. Талууд түүх, хэлний зэрэг чиглэлд боловсон хүчин харилцан суралцуулах талаар мөн санал солилцов.
Манай хоёр улсын хооронд шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийг 2013 онд байгуулсны дагуу талууд Хижрийн VII-VIII буюу нийтийн тооллын XIII-XIV зууны үеийн Ил Хаант Улсын түүхэн сурвалж, гар бичмэлийн судалгааг хийж, ном сурвалж баримт бичгийн 2200 гаруй жагсаалтыг олж цуглуулж тайлбар орчуулга хийхээс гадна “Судрын чуулган”-ыг орчуулж, хэвлэх ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа билээ.