Нүүр хуудас Улс төр Гамшгаас хамгаалах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

131
0

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдаж өргөн баригдсан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи танилцуулгыг Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр хийсэн юм. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг тус Байнгын хорооны өнгөрсөн сарын 25-ны өдрийн хуралдаанаар хийснийг мөн сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэгтгэн тусгасны зэрэгцээ хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулжээ. Мөн хуулийн төслийг боловсронгуй болгох чиглэлээр ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 5 саналын томьёолол бэлтгэсэн байна.

Ингээд дэгийн хуулийн дагуу хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн тул ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж шийдвэрлэв. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг Байнгын хорооны хуралдаанд гишүүдийн 80 хувь нь дэмжлээ.

Үүгээр Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дуусгаж, энэ талаархи Байнгын хорооны танилцуулга, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Дараа нь Гадаад харилцааны яамны 2016 оны тайлан болон Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here