Нүүр хуудас Улс төр Д.Дамба-Очир: “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг Эрдэнэтийнхэн эмзэглэж хүлээн авдаг

Д.Дамба-Очир: “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг Эрдэнэтийнхэн эмзэглэж хүлээн авдаг

92
0
damba-ochir-erdenet-uildwer
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир тус үйлдвэрт үүсээд байгаа асуудлаар “Өдрийн сонин”-д дараахь зүйлийг ярьжээ.

-Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг бүгдийг нь Стандарт банкинд барьцаалсан гэж ойлгодог. Та үүн дээр тайлбар өгөхгүй юу?

-51 хувийг барьцаалсан зүйл байхгүй. 51 хувь гэдэг асуудал угаасаа байхгүй. Энэ бол 49-ийнхний гаргаж ирсэн асуудал. Эрдэнэт үйлдвэрийн захирал хийж байсан хүмүүсийн тухайн үед гаргасан баталгаанаас болсон асуудал юм. Өдөр тутмын менежментийн баг нь баталгаа гаргаж өгдөг юм. Жишээлбэл, Эрдэнэт үйлдвэр үнэт цаас гаргадаг. Бонд гаргаж өгдөг.

Төлбөр төлөх ёстой бол гурван сарын дараа төлье гэдэг ч юм уу, хоёр талаасаа үнэт цаас гаргаж түүнийг нь банкин дээр аваачиж баталгааг нь харуулж байгаад зээл авдаг. Банк нь заасан хугацааны дараа Эрдэнэт үйлдвэрээс төлбөрүүдийг нь аваад дуусгадаг ч юм уу иймэрхүү зарчмаар явдаг. Энэ утгаараа гэрээн дээр баталгаа гаргаж өгсөн зүйл бий.

-49 хувийн асуудал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Би Эрдэнэтэд 23 насандаа очиж байсан. Залуу халуун насаа тэнд өнгөрөөж, хамгийн сүүлд Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байгаад гишүүн болсон. Эрдэнэт үйлдвэр маань Эрдэнэт хотын орон нутгийн төсвийнх нь 90 гаруй хувийг бүрдүүлдэг. 49 хувийн асуудлыг Эрдэнэтийнхэн эмзэглэж хүлээн авдаг. Энэ асуудал хоёр жил гаруйн хугацаанд өөх ч биш, булчирхай ч биш байдалтай явж ирлээ.

Энэ үйлдвэрийн 49 хувийг өгөх байсан бол заавал УИХ-аар оруулах ёстой. Заавал Засгийн газрын зөвшөөрөл авах ёстой. Яагаад төр үүнээс татгалзсан байдаг юм бэ. 51 хувийг эзэлж буй газар 49 хувийг авах давуу эрхтэй. Эхлээд засаг төрд нь санал болгоход түүнээс нь татгалзсан байх жишээтэй. Тийм ч учраас УИХ-аас 49 хувийг төрд авах нь зүйтэй гэж тогтоол гаргасан.

Дээр нь Цэцээс энэ тогтоолыг зөв гэж дүгнэсэн. Доод шатны шүүхэд Цэц, УИХ-аас гарсан тогтоол хууль байхгүй юу. Үүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл хажуугаар нь янз бүрийн шүүхийн шийдвэр гаргаж байна. Шүүгч захирамж гаргаж буй нь угаасаа хууль зөрчсөн асуудал.

-Мөнгө угаалт явагдсан гэж үзэж байна уу?

-Нийт мөнгөнийхөө 73 хувийг төрөөс авчихсан. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас зээл авсан. Сангийн яамнаас бонд гаргуулж авсан. Сангийн яамны баталгаа гэдэг бол хаа ч очоод мөнгө босгох боломж юм. Хөгжлийн банкнаас ихээхэн хэмжээний зээл авсан гэдэг нь нотлогдсон. Дээр нь 49-ийнхөн Эрдэнэт үйлдвэр дээр очоод бүх менежментийг нь барьж байсан.

70 сая ам.долларыг ногдол ашиг гэж авсан. Мөн ихээхэн хэмжээний мөнгийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтлийн цементийн үйлдвэр рүү шилжүүлсэн. Энэ бүгдийг харахад бүгдээрээ төрийн мөнгөнүүд байгаа юм. Ингээд бодохоор 49 хувийг төр авах нь зүйтэй.Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Орос эзэмшиж байгаад Монголд оруулж ирсэн нь зүйтэй. Үүнийг төр авч үлдэх байсан уу, эсвэл хувийн нэг компани авах байсан уу гэдэг асуудал яригдаж буй.

1990-ээд оноос өмнө улсын төсвийн хөрөнгөөр хайгуул нь хийгдсэн ордуудыг хувийнхан очиж авч ашиглаж, ихээхэн хэмжээний мөнгө олсон. Энэ мөнгөөрөө төрд нөлөөлөх хэмжээнд ажиллаж буй нь зүй бус. Шүүх, прокурорт өөрсдийнхөө хүмүүсийг тавьж байна.

Хууль хүчний байгууллагуудаар Засгийн газар, УИХ-ыг дарамтлуулдаг болжээ. Эдгээрийг цэгцлэх нь зүйтэй гэсэн асуудал ҮАБЗ-ийн хурлаар яригдсан. АТГ, прокурор, дээд шүүх бүгдээрээ л УИХ-аас томилогддог. Гэтэл буцаагаад УИХ-ын гишүүдээ дуудаж аваачаад дарамталдаг. Янз бүрийн хилс хэрэг хүлээлгэх гэдэг.

Энийг цэгцэлье гэсэн. УИХ бүх асуудлыг шийдэх эрхтэй. Гэтэл УИХ-ын дээр хэдэн компани, хууль хүчнийхэн гараад суучихаар хэцүү байна. Идэж уусан янз бүрийн хэргүүдийг ил болгож, арга хэмжээ авах хэрэгтэй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бол оруулаад цэгцлээд авах хэрэгтэй. Намуудын хууль, Сонгуулийн тухай хуулийг цэгцлээд явах зүйтэй юм гэдэг асуудлыг ярьж байгаа.

-Таны ярианаас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан өөрчлөлтийг дэмжиж байгаа гэж ойлголоо. Хуульчид энэ өөрчлөлтийг эсэргүүцээд байгаа шүү дээ?

-Хуульд Үндсэн хууль зөрчсөн гэж ярьж байна. Ерөнхийлөгч энэ хуулийг өргөн барихаас өмнө бид олон хувилбаруудыг ярилцсан. Шүүх хүчний байгууллагуудыг цэгцлэхийн тулд ямар зүйл хийх вэ гэж. Тэгэхээр хамгийн хурдан бөгөөд хамгийн боломжтой хувилбар нь энэ байсан. Хууль зөрчих, зөрчихгүй асуудал яригдсан. Прокурор, шүүх, АТГ-т ажиллаж буй жирийн хүмүүс бүгдээрээ бусдын гар хөл болчихсон гэж хэлэхгүй.

Гэтэл шүүхийн шийдвэр гаргах болохоор мөнгө авч байж гаргадаг. Улайм цайм болчихсон. Хахууль өгөхгүй л бол шүүхийн шийдвэр нөгөө талд гарчих гээд байх болсон. Энэ бүгдийг цэгцлэхийн тулд хуулийн өөрчлөлт хийхээс өөр аргагүй болсон. Нэг удаагийн арга хэмжээ гэж ойлгох хэрэгтэй. Дараа дараагийн хонгил бий болгочихгүйн тулд тохитой, нуруутай, сайн шүүгч, прокурорыг олж тавих хэрэгтэй.

Аль нэгэн улстөрчдийн гар хөл болоод явахааргүй хүмүүсийг тавих нь зүйтэй, Эрдэнэт үйлдвэр дээр ч гэсэн 49 хувийнхныг албан тушаалаас чөлөөлсөн. Тэдний оронд түлхүү Эрдэнэтийн хүмүүсийг томилох хэрэгтэй. Улаанбаатараас чемодантай нөхөр тавимааргүй байна.

Эсвэл ялсан намын нөхдүүдийг аваачмааргүй байгаа юм. Идэж уухын тулд биш үйлдвэрийн хувь заяаг бодох, үйл ажиллагааг сайжруулах сэтгэлтэй хүн очих ёстой. Энэ талаас нь би Ерөнхий сайдад анхааруулж хэлсэн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here