Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тавдугаар сарын 12-13-ны өдрүүдэд Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий аймагт ажиллаад ирсэн юм.
Сайдыг Дорноговь аймгийн МАК-ын Хөх цавын цементийн үйлдвэр, “Доншен газрын тос Монгол”, “Бадрах энержи”, “Мон- Атом”, “Монцемент”, “Сайншанд салхин парк” зэрэг компаниудад ажиллах үеэр УИХ-ын Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, Д.Гарамжав нарын гишүүд хамт явав.
Энэ үеэр мөн Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумд Газрын тосны үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн газар дээр очиж нөхцөл байдалтай нь танилцсан юм.
Байгалийн баялаг ихтэйгээс гадна дэд бүтэц сайн хөгжсөн гэдэг үүднээс тус газар нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар сонгосон билээ.
Түүнчлэн Дорноговь аймагт байрлах Монголын хамгийн том хоёр цементийн үйлдвэртээ түшиглэн, гурван улсын хамтарсан босоо тэнхлэгийн хурдны автозам байгуулахаар төлөвлөөд буй аж.
~Д.Сумъяабазар: Үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж байж хөгжинө~
УУХҮ-ийн сайд болон холбогдох албаныхан хамгийн эхэнд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах Хөх цавын цементийн үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр нь өнгөрсөн оны зургадугаар сард, жилд сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтайгаар байгуулагджээ.
Мөн 150 мянган тоннын хүчин чадалтай шохойн үйлдвэр байгуулж, ирэх зургадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөөн байна. Оюутолгой, Салхин парк зэрэг цөөнгүй компаниудаас бүтээгдэхүүн худалдаж авах захиалга ирсэн ч тээвэрлэлтийн асуудал хүндрэлтэй байгааг МАК-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Цогт онцлов.
Тус аймгийн Өргөн суманд 2015 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа цементийн бас нэгэн томоохон үндэсний үйлдвэр “Монцемент” ХХК юм. Орчин үеийн дэвшилтэт, байгальд ээлтэй буюу хуурай аргын технологиудыг нэвтрүүлсэн тус үйлдвэр жилд сая тонн, цагт 120 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай.
Монгол Улсад анхдагч Эко цементийн үйлдвэр гэдгээрээ онцлог тус үйлдвэр өндөр чанарын түүхий эдээр үйлдвэрлэсэн бүх төрлийн цементийг үйлдвэрлэдэг бөгөөд өдгөө 1000 гаруй мэргэжлийн ажиллах боловсон хүчнийг ажлын байраар ханган ажиллаж байна.
Компанийн удирдлагын зүгээс үйлдвэрийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, түлш эрчим хүчний хэмнэлт хийх үүднээс үйлдвэрээс гарсан хаягдал хийг ашиглан эрчим хүч, дулаан үйлдвэрлэх үйлдвэрийг Монголд анх удаа барьжээ.
Ингэснээр агаарт цацагдах хүлэмжийн хийн хэмжээг бууруулах, төвийн эрчим хүчний системээс хэрэглэх нийт эрчим хүчний хэмжээг 40 хувь багасгах зэрэг олон давуу талыг бүрдүүлсэн талаар компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Мөнхбат ярьсан юм.
Гэр бүлийн тогтвортой байдлыг хангах үүднээс гэр бүлийн хүмүүсийг авч ажиллуулах нь олонтаа тул тэднийг компанийн зүгээс шинээр барьсан орон сууцанд үнэ төлбөргүй амьдруулж, хүүхдийн цэцэрлэг, дунд сургуулийн өргөтгөл зэргийг Өргөн суманд байгуулжээ. Ажилчдын дийлэнх хувийг орон нутгаас авч ажиллуулдаг байна.
Сайд Д.Сумъяабазар
“Монгол Улсын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байгаа үйлдвэр бол яах аргагүй “Монцемент” юм. Дорноговь аймгийн болон Оюутолгой зэрэг томоохон компанийн бүтээн байгуулалтын ажилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ нийлүүлэн ажиллаж байна. Өнөөдөр Монгол Улсад дэд бүтцийн хүрээнд хийх маш олон ажлууд байгаа.
Уул уурхайн салбарын бүтээн байгуулалт, Тавантолгой-Оюутолгой-Ханги мандалын чиглэлийн 500 гаруй автозам, Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн 258 км автозам, Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажуулах хөтөлбөр, цэвэрлэх байгууламж зэрэг олон бүтээн байгуулалтын ажилд үндэсний үйлдвэрүүдээ бид дэмжиж байж урагшаа хөгжих болно”
гэв.
Компанийн хувьд түлш, эрчим хүчний үнэ тариф, түүхий эдийн огцом үнийн өсөлт тулгамдаж байгаа тул төр- хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж, асуудлаа шийдвэрлэхээр ажиллаж байгааг хэлж байв.