Нүүр хуудас Улс төр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай холбоотой тогтоолын төслүүдийг дэмжлээ

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай холбоотой тогтоолын төслүүдийг дэмжлээ

131
0

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай саналаа энэ сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд хүргүүлсэн талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн танилцуулсан юм.

Сонгуулийн тухай хуулийн 16.1 дэх хэсэгт “Ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана”, 16.3 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно” гэж тус тус заажээ. Түүнчлэн уг хуулийн 16.6 дахь хэсэгт гадаад улсад суугаа иргэдээс санал авах өдрийг Улсын Их Хурал тогтоох бөгөөд уг санал авах хугацаа нь гурав хүртэл өдөр байж болохоор зохицуулсан байдаг.

Иймээс Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос дээрх тогтоолын төслийг боловсруулсан байна. Тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн товлон зарлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал авах ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоох, түүнчлэн Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний санал авах ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд явуулахаар тогтоохоор тусгажээ.

Сонгуулийн ерөнхий хорооны даргын танилцуулга, тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй тул санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь тогтоолын төслийг дэмжсэн тул энэ талаархи санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Сонгуулийн авотматжуулсан системийн тухай хуульд Улсын Их Хурал сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх талаар шийдвэр гаргах; сонгуулийн автоматжуулсан системийг ашиглахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг. Сонгуулийн ерөнхий хороо хуулийн холбогдох заалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай шийдвэр гаргуулах саналаа энэ сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд ирүүлжээ.

Энэ үндсэн дээр тус Байнгын хороо “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг Сонгуулийн ерөнхий хороонд зөвшөөрөхөөр тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь тогтоолын төслийг дэмжиж, энэ талаархи санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here