Нүүр хуудас Улс төр Ерөнхийлөгч Олон улсын онол практикийн хуралд оролцов

Ерөнхийлөгч Олон улсын онол практикийн хуралд оролцов

148
0
onol-praktikiin-hural
Япон-Монголын хамтарсан 10 дахь удаагийн олон улсын хурал боллоо

Хоол боловсруулах замын мэс засал, эмчилгээний тухай Япон-Монголын хамтарсан 10 дахь удаагийн олон улсын хурал наймдугаар сарын 23-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.

Энэ жилийн олон улсын хурал “Элэг, цөс, нойр булчирхайн хорт хавдрын орчин үеийн оношилгоо эмчилгээ” сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа юм.

~Ерөнхийлөгч Олон улсын онол практикийн хуралд оролцов~

Өнгөрсөн өдрүүдэд Япон, Солонгос, Энэтхэг, Казакстан, ОХУ болон Монгол Улсын эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнууд амьд донороос элэг шилжүүлэн суулгах, мэс заслын шууд дамжуулалт зэрэг сэдвээр ярилцаж, хамтарсан багуудын ажлын байран дахь сургалт хийсэн юм.

Мөн өнөөдөр Монголын элэг, цөс, нойр булчирхайн эмч нарын нийгэмлэг, Япон улсын “Накаяма” хавдар судлалын хүрээлэнгээс хамтран зохион байгуулдаг нэгдсэн хурал болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээлтийн үйл ажиллагаанд нь оролцож, үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

Эрхэм хүндэт эмч, судлаачид аа

Гадаадаас зорин ирсэн анд нөхөд өө

Та бүхэнд болон энд хуран цугларсан бүхэнд өлзий билэг, чөлөө учрал нь бүрдсэн энэ өдрийн мэндийг хүргэе.

Хавдар судлалын үндэсний төв, Монголын Элэг, цөс, нойр булчирхайн эмч нарын нийгэмлэг, Япон улсын “Накаяма” хавдар судлалын хүрээлэнгээс хамтран “Хоол боловсруулах замын хорт хавдрын эмчилгээ, оношилгоо”

сэдвийн дор эрдэм шинжилгээ, онол практикийн олон улсын хурлыг зохион байгуулдаг нь уламжлал болж өнөөдөр 10 дахь жилтэйгээ золгож байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс талархал дэвшүүлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Арван жил гэдэг ихийг амжуулах, төлөвшүүлэх хугацаа. Япон, Монголын хамтарсан олон улсын хурлыг анх хийсэн 2008 оноос хойш:

-Нойр булчирхайн толгой хэсгийг тайрах мэс засал
-Нойр булчирхайн сүүл хэсгийг дурангаар тайрах мэс засал
-Ходоодыг бүхэлд нь дурангаар тайрах мэс засал
-Улаан хоолой тайрах мэс засал
-Элэгний хорт хавдрын үеийн бүх төрлийн элэг тайрах мэс засал
-Амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал зэрэг олон төрлийн мэс заслыг Хавдар судлалын үндэсний төв хийдэг болжээ.

Мөн 2018 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр амьд донороос элэг шилжүүлэн суулгах анхны хагалгааг Хавдар судлалын үндэсний төвийн эмч, мэс засалчид амжилттай хийж өнөөдрийг хүртэл ийм ажилбарыг тав дахь удаагаа хийсэн байгаа нь энэхүү онол, практикийн хурлын өгөөж, үр шим хэмээн хэлж болно.

Та бүхний сургалт, үйл ажиллагаа бодит үр дүн, амжилт дагуулж байгаад монголчууд бид талархаж, бахархаж байна.

Өнөөдөр энэ танхимд Япон, БНСУ, Казакстан, Энэтхэг, Тайвань зэрэг улсаас эрдэмтэд, эмч нар хүрэлцэн иржээ.

Та бүхнийг манай улсад морилон саатаж, монголын эмч нартай мэдлэг туршлагаа солилцон, хамтарсан мэс засал хийж байгааг Монголын эрүүл мэндийн салбарт оруулж буй үнэлж баршгүй хувь нэмэр хэмээн үнэлж байна.

Хүрэлцэн ирсэнд дахин талархал илэрхийлье.

Төрийн нэг чухал үүрэг бол иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах, эрүүл аж төрөх нөхцлийг хангах явдал юм.

Тийм ч учраас улам бүр түгшээж байгаа хорт хавдрын өвчлөлийн шалтгаан, анагаах, сувилах арга зүй, менежментэд эмч нарын төдийгүй нийт иргэдийн анхаарлыг хандуулах, ойлголт өгөхийг чухалчлан үзэж, энэ онол, практикийн хурлын ажиллагаанд зориуд анхаарал хандуулахыг хүслээ.

Хурлыг уламжлал болгон зохион байгуулдаг Хавдар судлалын үндэсний төв, Монголын Элэг, цөс, нойр булчирхайн эмч нарын нийгэмлэг, Японы “Накаяма” хавдар судлалын институтэд нийт монголчуудынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье.

Өнөөдөр бид шилжилтийн үеийг хараахан дуусаагүй байна. Ажил орлогогүй, ядуурал зарим нөхцөлд хүндрэлтэй байгаатай холбоотойгоор халдварт өвчин, тэр тусмаа хавдартай холбоотой асуудлууд Монголд тулгарч, сэтгэл түгшээсэн, нийгмийг түгшээсэн байдалтай байгаа.Энэ асуудалд анхаарч, 10 жилийнхээ үр дүнг харж, дүгнэж байгаа та бүхэнд дахин талархал илэрхийлье.

Баярлалаа” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here