Нүүр хуудас Улс төр Ерөнхийлөгч Х.Баттулга Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчтэй уулзлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчтэй уулзлаа.

169
0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Филип Беннетт болон тус банкны Нидерланд, Монгол Улсыг төлөөлсөн захирал Франс Вийкерс, дэд бүтэц хариуцсан ахлах банкир Светлана Радченко нарыг  хүлээн авч  уулзлаа.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Филип Беннетт тус байгууллага Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 1,6 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулсныг тэмдэглэлээ. Тус банкнаас оруулж буй хөрөнгө оруулалт 100 хувь хувийн сектор руу чиглэж ирсэн. Үүний дотроос Оюутолгойд оруулсан хөрөнгө оруулалт томоохон нь юм гэдгийг тэрээр хэлж байв.

Европын сэргээн босголт хөгжлийн банк нь Монгол Улсад баримтлах стратеги төлөвлөгөөндөө 4 үндсэн чиглэл тусгасны нэг нь олборлолтын бус буюу уул уурхайн бус салбарыг хөгжүүлэхэд нэлээд анхаарч буйг онцлов. ХАА, газар тариалангийн хөгжлийг дэмжих, ялангуяа сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд 100 орчим сая ам. долларын хөрөнгө оруулалтыг зориулсан байна. “Говь” компанийн үндсэн хөрөнгө оруулагчаар ажиллаж ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж иржээ.

Сэргээгдэх эрчим хүч, салхины эрчим хүч үйлдвэрлэх станцууд барихад анхаарч байгаа бөгөөд цаашдаа бизнесийн үйл ажиллагаанд өөрчлөлт орж байгааг танилцууллаа.

Төлөөлөгчид  Нийслэлийн Засаг даргатай уулзаж хотын хөгжлийн чиглэл, хатуу хог боловсруулах, агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээвэрт дэвшил гаргах, бохир ус цэвэршүүлэх төхөөрөмжийг сайжруулах, дулаан хангамж, хот төлөвлөлтийн талаар хамтран ажиллах талаар ярилцсан байна. Ингэснээр өмнө нь дан хувийн хэвшилд хөрөнгө оруулж ирсэн бол цаашдаа төрийн мэдлийн үйл ажиллагаатай ч хамтарч ажиллах чиглэл барихаар болж байгаа юм байна.

Тус банк нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, эрүүл мэнд, санхүүгийн байдлыг сайжруулах зэрэг чиглэлд хийж буй ажлаасаа мөн танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь ХХАА, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа нэлээд олон төсөл боловсруулж, ажил хэрэг болгоход бэлэн болгосноо танилцуулсан юм.

Тэрээр “Нэн түрүүнд ярих сэдэв бол ажилгүйдэл, ядуурал. Үүний тулд дотоодын бизнесийг тэлэх ёстой. Монголчууд жил бүр 10 сая ширхэг арьсыг түүхийгээр нь Хятад Улсад гаргадаг. Гурван ширхэг хонины нэхий ганц бэлэн гоймонгийн үнэтэй тэнцэх хүртлээ үнэгүйдсэн. Энэ бол эмгэнэл. ХАА гэдэг том салбар өнөөдөр Монголд мартагдсан. Уул уурхай, нүүрс рүү хэтэрхий орсон.

Би ХХАА-н сайд байхдаа нэг арьсанд 300 хүртэл ам.долларын нэмүү өртөг шингээх төслийг хийж байсан. Испанийн технологийг нэвтрүүлж монгол малын арьсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл боловсруулсан. Туршилт хийж үзэхэд амжилттай болсон. 10 сая ширхэг арьс бол Монголын малчдын орлогын эх үүсвэр юм. Нийслэлийн утааг засаг захиргааны хотыг тусад нь гаргаж, дагуул хот байгуулах замаар шийдэж болно. Иргэдийг сургалтад хамруулж, орон сууцыг өөрсдөөр нь бариулж, моргейж өгөх замаар орон сууцжуулах төслийг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа хийсэн. Мөн дагуул хотын зургийг Германы архитекторуудаар хийлгэсэн.

Дараагийн анхаарах асудал бол хүнсний аюулгүй байдал. Энэ асуудлаар Үндэсний чуулган зохион байгуулсан. ХХАА-н сайд байхдаа Чингис бондын мөнгөнөөс хүлэмжийн аж ахуйг санхүүжүүлэхэд зориулж байсан. Энэ нь ургац нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болсон.

Алтанбулаг-Замын-Үүдийн хооронд 1100 км дамжин өнгөрөх коридорт хурдны зам тавьж, ОХУ, БНХАУ-ын хооронд өсөн нэмэгдэж байгаа худалдааны эргэлтийн тодорхой хэсгийг тээвэрлэх боломжтой. Бас төмөр замын төсөл байна. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахын тулд дотоодын ажлын байруудыг маш олноор нэмэгдүүлэх хэрэгтэй юм” гэлээ.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Филип Беннетт Монголд байх хугацаандаа Оюутолгойд очсон тухайгаа танилцуулж тус уурхайн ажилчдыг хүнс, хувцас, бусад бүтээгдэхүүнээр хангах ажлыг дотоодын компаниудын бүтээгдэхүүнээр хангах талаар анхаарч буйгаа хэлсэн юм. Ийм боломж бүрэн байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэллээ.

Уулзалтын үеэр хоёр тал олон зүйл дээр санал нэгдэж байгаагаа онцлон тэмдэглэлээ.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Филип Беннетт өмнө нь хэд хэдэн салбарт сайдаар ажиллаж, ажлаа сайн мэддэг хүн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд олзуурхаж буйгаа хэлж, цаашид үр бүтээлтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here