Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нарыг хүлээн авч уулзаж, сүүлийн жил гаруй хугацаанд олон нийтийн анхаарлыг татаад байгаа “60 тэрбумын” асуудлыг шалгах явц удаашралтай байгааг шүүмжилж, Монгол Улсын төрийн албан тушаалыг наймаалах сэдэв бүхий асуудлаар ярилцсан уг баримтад нухацтай хандахыг онцлон сануулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байх үедээ өнгөрсөн зургадугаар сарын 5-нд уг асуудлыг шалгуулахаар АТГ-т хандсан албан бичгийг өөрийн биеэр хүргэж байсан юм. Сонгуулийн өмнө МАН-ын удирдлагуудтай холбогдох 60 тэрбум төгрөгтэй холбоотой бичлэгийг үндэслэн АН-ын удирдлагууд хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлт гаргаж улмаар УЕПГ-ын туслах Э.Амарбатад шалгуулах хүсэлтээ хүргүүлсэн билээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр тухайн үед “МАН-ын удирдлагууд төрийн албыг хэрхэн наймаалцаж, үнэлсэн талаарх ноцтой баримтууд олдсон.
Энэ асуудлыг зохих хуулийн байгууллагаар шинжлүүлэхэд тэдний яриа мөн болох нь нотлогдсон. Тиймээс УЕПГ болон ТЕГ, АТГ, ЦЕГ-т хандан, энэхүү асуудлыг үргэлжлүүлэн шалгахыг хүсч мэдээлэл хүргүүлж байна” гэдгээ мэдэгдэж байсан.
Тэгвэл эл асуудлыг УЕПГ-аас шалгасан талаараа Э.Амарбат дарга өөрөө тайлбар хийсэн билээ.
Тэрбээр “АН-ын дарга З.Энхболдын гаргасан гомдлыг манайх хүлээж аваад харьяаллынх нь дагуу АТГ-д шилжүүлжсэн бөгөөд тэндээс уг асуудлыг хянаж үзээд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс зохих шинжээч мэргэжилтэн томилж, уг бичлэгийн асуудлаар дахин дүгнэлт гаргуулсан байна.
Уг дүгнэлтээр бичлэг нь өөрөө эвлүүлэг байна гэж гарсан. Хоёрдугаарт шалгалтын явцад уг яриатай холбоотойгоор аль нэг төрийн болон нийслэлийн байгууллагад хэн нэгнийг албан тушаалд томилох зорилгоор бусдаас хууль бусаар хөрөнгө мөнгө цуглуулсан, төвлөрүүлсэн тийм асуудал тогтоогдоогүй. Ийм учраас уг асуудалд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан юм” гэсэн хариултыг өгсөн .
Өнөөдрийг хүртэл уг албан бичигт ямар нэгэн хариу өгөөгүй байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр анхааруулж асуулаа.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй уг 90 минутын бичлэгийн турш илтгэл тавьж, мэдээлэл хийж байсан бөгөөд гэтэл 2016 оны УИХ, орон нутгийн сонгууль дуусмагц төрийн өндөр албан тушаалд шууд очсоныг АТГ яагаад шалгахгүй байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тодруулан асууж байлаа.
Уулзалтын үеэр АТГ-ын удирдлагууд 60 тэрбум төгрөгөөр Монгол Улсын төрийн албан тушаалыг арилжих, санал тоолох машиныг хакердах зэрэг маш ноцтой асуудлаар ярилцсан 90 минутын бичлэгийг олон нийтэд ил болгосон хамгийн гол гэрч болох Г.Доржзодовыг нэг ч удаа байцаагаагүй гэдгээ хэллээ.
Энэ асуудлаар нэн даруй хариу өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын удирдлагаас шаардлаа.