· Монгол Улс аливаа зөрчил тэмцлийг хүчээр бус, тайван замаар, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэх ёстой гэсэн зарчмын байр суурийг үргэлж баримталж ирсэн.
· Бид энх тайван, аюулгүй байдлын төлөөх бусад улс орнуудын санал санаачлага, үйл ажиллагааг тууштай дэмжиж, энэ байгууллагын хариуцлагатай гишүүн орон байхыг ямагт чармайж ирсэн.
· 1992 оноос нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн тунхаглаж, эл статусаа баталгаажуулсаар ирсэн нь бүс нутаг болон даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалд бидний оруулсан хувь нэмрийн нэгээхэн хэсэг билээ.
· Монголчууд бид энх тайван, амар амгалан байдал үгүйлэгдэж, гамшиг зовлон тохиолдсон улс орон, ард түмэнд ямагт туслахыг эрмэлздэг.
· Монголын энхийг сахиулагчид дэлхийн хамтын нийгэмлэгээс “гуйвшгүй, төвшин, чадвартай” гэсэн үнэлгээ авсанд бид бахархалтай байдаг.
· НҮБ-д цэрэг хандивлагч эхний 30 улсын нэг, хүн амдаа харьцуулсан энхийг сахиулагчдын тоогоороо түүнээс ч илүү эрэмбэтэй Монгол Улс цаашид ч энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоогоо нэмэгдүүлэх бодлого баримталж байна .
· 2014 оноос Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг жил бүр зохион байгуулж ирлээ.
· Бид болзошгүй гамшгийн аюулд өртөх эмзэг байдлаа арилгах, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжиж идэвхтэй хамтран ажилладаг.
· Энэ оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлыг амжилттай зохион байгууллаа
· Монгол Улс хоёр хөрштэйгээ харилцаагаа стратегийн түвшинд хөгжүүлэх, тэдний зүгээс бүс нутгийн хэмжээнд гаргасан санаачилгыг анхааралтай ажиглаж, идэвхтэй оролцох байр суурь баримталдаг.
· Монгол бол хэдэн мянган жилийн түүхэндээ шашны болоод үндэстэн хоорондын дайн гаргаж байгаагүй цөөн улсын нэг юм.
· Монголын эзэнт гүрэн нь бүх шашныг хүлцэх, хүндлэх асар том бүс нутаг байсан нь өнөөгийн ертөнцөд маш сургамжтай юм. · Азийн Буддистуудын энх тайвны бага хурал шиг яриа хэлэлцээний механизмын орон зай үгүйлэгдэж байна.
· Зүүн Хойд Ази болон Төв Азийг холбож буй улсын хувьд Шашны эрх чөлөөний чуулганыг ирэх онд өөрийн эх орондоо зохион байгуулах санал, санаачилга гаргаж буйгаа НҮБ-ын индэр дээрээс мэдэгдэж байна.
· “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-д Монгол Улс 2030 он гэхэд ардчилсан засаглалаа бэхжүүлж, экологийн тэнцвэрт байдлыг ханган, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, дээд эрэмбийн дундаж орлоготой улс орны эгнээнд шилжих зорилт дэвшүүлсэн юм.
· Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэж, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, төсвийн орлого давж биеллээ.
· Эдийн засгийн өсөлт хүмүүсийн амьдралд шууд тусгалаа олохгүй байгаа нь манай Засгийн газрын өмнө тулгарч байгаа нэг сорилт юм.
· “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах салбар дундын үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлэх шаардлага гарч байна.
· Монгол Улс 2016-2018 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр анх удаа сонгогдож, хүний эрхийг хамгаалах, бэхжүүлэх чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж байгаадаа сэтгэл хангалуун байна.
· Монгол Улсын иргэдийн боловсролын түвшин харьцангуй өндөр, улсын төсвийн хоёрдахь том багц нь боловсролын салбарын төсөв байгаа нь төр засгаас хүний хөгжилд байнга тэргүүлэх ач холбогдол өгч ирсний илрэл юм.
-Монгол Улсын санаачилга, манлайллаар Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв нь өнгөрсөн тавдугаар сард нээлтээ хийлээ
· Хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдал, эрх чөлөө, тогтвортой хөгжлийн төлөө дэлхий нийтээрээ хамтдаа хүчин зүтгэхийг НҮБ-ын эрхэм индэр дээрээс уриалж байна.