ЕХ Монгол улсыг “Татвараас зайлсхийгчдэд ээлтэй орнуудын хар жагсаалт”-аас хасаж магадгүй
Европын Холбоо Монгол болон Өмнөд Солонгос тэргүүтэй найман улс орныг “татвараас зайлсхийгчдэд ээлтэй орнуудын хар жагсаалт”-аас хасаж магадгүй гэж “Ройтерс” агентлаг мэдээлжээ.
ЕХ-ны гишүүн улс орнуудын Сангийн сайд нар татвараас зайлсхийх явдлыг таслан зогсоох зорилгоор “татварын диваажин” болоод буй 17 улс орон болон засаг захиргааны тусгай бүсийг хамруулсан “хар жагсаалт”-ыг өнгөрсөн оны 12 дугаар сард гаргасан юм. Ингэснээр эдгээр газар нь ЕХ-ны санхүүгийн зах зээлд хандах эрхгүй буюу тус холбооноос ямар нэгэн санхүүжилт болон хөрөнгө оруулалт авах боломжгүй болсон юм. Энэ жагсаалтаас гарахын тулд татварын орчноо шинэчлэх амлалт өгч, уг амлалтаа ажил хэрэг болгох хэрэгтэй гэсэн шаардлагыг ЕХ тавьсан билээ.
Харин татварын хууль журмаа шинэчлэн сайжруулах амлалт өгсөн Монгол, Өмнөд Солонгос, АНЭУ, Барбодос, Гренада, Макао болон Тунис гэсэн найман улс, засаг захиргааны тусгай бүсийг энэ жагсаалтаас хасах саналыг ЕХ-ны холбогдох албаны хүмүүс саяхан гаргасан аж.
Энэхүү саналыг маргааш болох ЕХ-ны гишүүн улс орнуудын Элчин сайдын уулзалтын үеэр авч хэлэлцэж, дараа нь ЕХ-ны Сангийн сайд нар ирэх долоо хоногт болох сар тутмын уулзалтынхаа үеэр эцсийн шийдвэрийг гаргах гэнэ.