УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатарт хандаж “Гадаадад амьдарч буй 250 мянган монгол иргэний хүч, нөөц бололцоог бодлоготойгоор ашиглах юм бол асар их зүйл хийж чадна” гэдгийг онцлон хэлсэн юм. -Хэдэн тоо баримт дурдъя. 250 мянган хүний монгол руу шилжүүлж байгаа валютын хэмжээ 300 сая ам.доллартай тэнцэж байна. Манай төсвийн орлогын аравны нэгтэй дүйцнэ. 10 мянга гаруй оюутан хувийн болон төрийн зардлаар гадаадад сурч байна. Израйльчууд бол монголчууд бидэнтэй адилхан дэлхийгээр нэг тархсан үндэстэн. Израйльдаа 6 сая, бусад орнуудад 10 сая орчим израйль хүн амьдардаг. Монгол үндэстэн ч гэсэн яг л ийм зовлон туулж ирсэн түүхтэй. Тусгаар тогтносон Монгол Улсад 3 сая, хилийн чинадад 7 сая орчим монгол хүн амьдарч байна. Монгол Улсын хөгжлийн төлөө бид дэлхийгээр тархан суурьшсан монголчуудынхаа хүчийг бас ашиглах ёстой. Израйлийн анхны Ерөнхий сайд Дэвид Бен Гурион “Би зөвхөн Израйльд амьдарч байгаа 6 сая хүний биш харин дэлхий даяар амьдарч буй 16 сая Израйльчуудын Ерөнхий сайд байхыг хүсч байна” гэсэн алдарт үг бий. Үүний нэгэн адил манай Гадаад хэргийн сайд хилийн чинадад амьдарч буй монголчудаа дэмжиж, хүчийг нь ашигладаг байх ёстой. Энэ бодлогыг Монгол Улсын Засгийн газар гаргах ёстой. Бид гадагшаа экспорт хийж валют оруулж ирнэ гэж ярьдаг, үнэн. Гэхдээ гадаад зах зээл дээр бизнес хийж байгаа тэр авъяаслаг, чадварлаг монголчуудыг дэмжих замаар валютын болон оюуны урсгалыг эх орон руугаа татах, дэлхийн зах зээл дээр монгол түмэн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэдгийг онцгой анхаарч ажиллаарай. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг шүүмжлэгчдийн нэг нь би мөн. Гэхдээ энэ хүний үлдээсэн нэг сайн өв байдаг. Америкийн Green card-тай адил ХӨХ картыг авъяаслаг монголчууддаа өгье гэсэн хуулийн төсөл санаачилсан. Монголын нэрийг олон улсад гаргаж байгаа, монголд хөрөнгө оруулж байгаа монгол туургатнууддаа монгол эх орондоо ирж амьдрах эрхийг өгдөг болъё гэсэн. Монгол үндэстэн хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг хөөрхий царайлах хэрэггүй. Энэ хоёр том хөршийн дунд оршиж байгаа монголчууд дэлхий рүү гарахыг хүсч байгаа бол дэлхийн зах зээлд гарсан монголчуудынхаа хүчийг ашиглах ёстой гэж би үздэг гэлээ.
Нүүр хуудас Улс төр Ж.Батзандан: Монгол үндэстэн хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг хөөрхий царайлах хэрэггүй.