Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрийн өмчид авах шийдвэр гарлаа
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гарав.
ОХУ-ын эзэмшиж байсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг “Монголиан коппер корпораци”-аас төрийн өмчид буцаан авах боллоо. Үүнтэй холбогдуулж “Монголиан коппер корпораци”-аас ОХУ-д төлсөн 400 сая 272 мянган ам.долларыг харилцан суутгал хийх замаар шилжүүлэх болжээ.Ингэхдээ Монгол Улсын Хөгжлийн банк, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд олгосон зээлүүд, Сэлэнгэ аймагт орших концессын гэрээ зэргийг харилцан суутгал хийх юм байна.
Засгийн газрын шийдвэрийн дагуу Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК 100 хувь Монгол Улсын төрийн өмч болж байгаа юм.