Нүүр хуудас Улс төр Засгийн газрын тусгай сангийн тухай хуультай холбоотой төслүүдийг хэлэлцэхээр болов

Засгийн газрын тусгай сангийн тухай хуультай холбоотой төслүүдийг хэлэлцэхээр болов

160
0

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа нар танилцуулсан юм.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2 дахь заалтад заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгодог. Энэ хүрээнд тус сангаас 2009-2015 ондуудад нийт 703,4 тэрбум төгрөгийн 6977 төслийг санхүүжүүлж, үүний үр дүнд 1327 үйлдвэр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа өргөжиж, 596 үйлдвэр аж ахуйн нэгж шинээр байгуулагдан 38072 ажлын байр шинээр нэмэгдэж, 29829 ажлын байр хадгалагдан үлдсэн байна. “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 37 дугаар тогтоол батлагдсанаар үйлдвэржилтийг дэмжих, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр бий болгох зорилгоор 2016 онд олгогдсон 70 тэрбум төгрөгийн үлдэгдэл эх үүсвэрээс 52 төсөлд 23,2 тэрбум, өөрийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс 50 төсөлд 15,9 тэрбум төгрөг, нийт 102 төсөлд 39,2 тэрбум төгрөгийн зээл олгогджээ.

Хэдийгээр Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар тус сангаас хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа явуулахыг хуульчилсан, сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргахаар заасан боловч зээл хүсэгчээс бүрдүүлэх материал, зээлдэгчийг сонгон шалгаруулах журам зэргийг баталж мөрдүүлэх талаар тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тусгайлан эрх олгосон зохицуулалт байдаггүй аж. Өмнөх жилүүдийн туршлагаас үзвэл дээрх харилцааг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн журам батлах замаар зохицуулдаг бөгөөд ингэхдээ нийтлэг эрх олгосон заалт буюу Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана” гэж заасныг үндэслэдэг байжээ. Гэтэл захиргааны хэм хэмжээ тогтоосон уг акт нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын дагуу Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлээгүй, тогтоолын шаардлагыг зөрчсөн байсан аж.

Иймээс Хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах журам, төсөлд бүрдүүлэх материалыг хуульчлах шаардлагатай болсон бөгөөд хуулийн зохицуулалтгүй байснаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох зээлийн үйл ажиллагаа нь нэгдсэн удирдлагагүй болох, төсөл сонгон шалгаруулалт явуулах үйл ажиллагаа тодорхой шалгуургүй болох зэргээр хийдэл үүсэхээр байгаа тул Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах замаар энэ асуудлыг зохицуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр нар Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Н:Оюундарь нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Сангийн сайд Б.Чойжилсүрэн Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаархи төсөл санаачлагчийн илтгэлдээ, Уур амьсгалын өөрчлөлт бодитой нөлөөлж байгаа өнөө үед уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох, санхүүгийн механизмыг шийдвэрлэх асуудалд дэлхий нийтээрээ онцгойлон анхаарал хандуулж байна. Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенци (НҮБУАӨСК)-д 1993 онд нэгдэн орсон бөгөөд уг конвенцийн 2015 оны “Парисын хэлэлцээр”-ийг 2016 оны 9 дүгээр сард соёрхон баталсан. Парисын хэлэлцээрээр хөгжингүй орнууд 2020 он гэхэд улсын болон хувийн эх үүсвэрээс жилд 100 тэрбум ам.долларыг хөгжиж байгаа орнуудын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох арга хэмжээнд зарцуулахаар шийдвэрлэсэн. Үүнийг төвлөрүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг хянах санхүүгийн гол механизм нь Уур амьсгалын ногоон сан (УАНС) юм. Тус сангаас олгох санхүүжилт нь буцалтгүй тусламж, зээл болон зөвшөөрөгдсөн бусад хэлбэрээр байх бөгөөд санхүүжилтийг УАНС-аас итгэмжлэгдсэн олон талт, бүс нутгийн, эсвэл Үндэсний хэрэгжүүлэгч байгууллага, нэгжээр дамжуулан олгоно гэж заасан байна.

Түүнчлэн Засгийн газрын 2016 оны 35 дугаар тогтоол, Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг сааруулах, дасан зохицох үндэсний чадавхийг бэхжүүлэх ажлын хүрээнд Уур амьсгалын ногоон сан, Дасан зохицлын сан зэрэг олон улсын сангаас санхүүжилт, дэмжлэг авах зорилгоор олон улсын Сангуудтай шууд харьцаж санхүүжилт авах, Үндэсний хэрэгжүүлэгч нэгжтэй болсон байна” гэж заасан.

Байгаль хамгаалах сангийн хувьд 2014 онд Уур амьсгалын ногоон сангийн боломжит үндэсний хэрэгжүүлэх нэгжээр тодорхойлогдсон. Энэ ажлын хүрээнд Олон улсын уур амьсгалын сангаас шууд санхүүжилт авах шаардлагыг хангах эсэх асуудлаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн шинжээчид Сангийн одоогийн чадавхид үнэлгээ хийж, Олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн сангийн дүрэм, журмыг нарийвчлах, мөн Байгаль хамгаалах санг “Байгаль орчин, уур амьсгалын сан” болгож үйл ажиллагааг нь өргөжүүлэх зөвлөмж гаргасан. Манай улсын хувьд ойрын хугацаанд төсвийн хөрөнгөөр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох чиглэлийн төсөл хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхэд бэрхшээлтэй байгаа учир Парисын хэлэлцээрийн хүрээнд баталгаажсан олон улсын санхүүжилтийн механизмыг бүрэн ашиглах зорилгоор Байгаль хамгаалах санг “Байгаль орчин, уур амьсгалын сан” болгон өөрчилж, Үндэсний хэрэгжүүлэх нэгж байгуулах хууль, эрх зүйн орчинг бий болгох шаардлагын үүднээс уг хуулийн төслийг боловсруулсан болохыг дурдлаа.

Харин хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаархи тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан юм.

Ингээд хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү үг хэлж байр сууриа илэрхийлэв. Дараа нь Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86.4 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөлөө

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here