Нүүр хуудас Улс төр Зэвсэгт хүчнийхэн Ерөнхий командлагчдаа хүндэтгэл үзүүллээ.

Зэвсэгт хүчнийхэн Ерөнхий командлагчдаа хүндэтгэл үзүүллээ.

265
0

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүндэтгэл үзүүлэх Цэргийн ёслол Сүхбаатарын талбайд болов. Сүхбаатарын талбайд зохион байгуулсан хүндэтгэлийн жагсаалд Зэвсэгт хүчний 1000 орчим цэрэг, албан хаагчид нэгдэв. Морин цагт эхэлсэн ёслолд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХШТ-ын дарга генерал Д.Даваа, УИХ-ын зарим гишүүн, Тагнуулын ерөнхий газар, ОБЕГ-ын дарга, ахмад дайчид, нийслэлийн иргэд оролцлоо.

Ерөнхийлөгч Х.Баттулга цэрэг дайчдад хандан үг хэллээ.

Улс орынхоо бүтэн байдал, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахад ололт амжилтыг улбаалан авчирсан төрийн цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье. Монгол Улсын батлан хамгаалах бодлогын баримт бичгээр батлан хамгаалах нөхцөл байдлын чиглэлийг заасан байдаг. Зэвсэгт техникийн шинэчлэл, цэргийн зэвсэг зэрэг олон асуудлыг хамтран шинэчлэх хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Цэргийн албан хаагчид албаа хааж байх үед цалин олгодог болох ‘Нэг цэрэг-нэг үндэстэн’ хөтөлбөр хэрэгжүүлэх нь улс орны ирээдүйд чухал хувь нэмэртэй. Цэрэг техникийн хамтарсан ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах болно.

Монгол төрийн тусгаар тогтнолын тулгуур нь төрийн цэргийн байгууллагууд байж, төр, ард түмний өмнө хүлээсэн өндөр хариуцлагатай албаа итгэл төгс биелүүлж, эх орныхоо аюулгүй байдлыг баталгаажуулахад та бүгдийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэлээс  ихээхэн хамаарах болно гэдгийг тэмдэглэж байна.

“Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгээр улсыг батлан хамгаалах тогтолцоо, батлан хамгаалах үндсэн чиглэлийг тодорхойлсон тул Миний бие Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд батлан хамгаалах хүчин чадлыг  бэхжүүлж, төрийн цэргийн байгууллагын эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэн боловсронгуй болгоход нэн тэргүүнд анхаарч, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг болон тайван цагт  хамтран үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэхэд дэс дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно.

Зэвсэгт хүчний цэргийн зэвсэглэл, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах, цэрэг-улс төрийн өндөр мэргэжлийн стратегич офицеруудыг бэлтгэх, агаарын цэргийн зэвсэглэл техникийг шинэчлэх гээд олон асуудлыг Та бид хамтран шийдвэрлэх шаардлага гарч байна.

Улс орноо хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцох зориулалт бүхий цэргийн анги, салбарыг бэхжүүлэх, гүйцэтгэх үүрэгт нь зохицсон цэргийн болон тусгай техникээр хангах, улмаар цэргийн алба хаагчдыг бүтээн байгуулалтын ажилд оролцуулан  ажиллах хүчний мэргэшсэн нөөц бий болгох, залуучууд цэргийн алба хаах хугацаандаа орлого олж, хуримтлалтай болоход чиглэсэн “Нэг цэрэг-нэг үндэстэн” зэрэг хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх нь улс орны хөгжилд түлхэц болно гэж үзэж байна.

Монгол Улсын зэвсэгт хүчин залуучуудыг эх оронч, үндэсний үзлээр хүмүүжүүлэх, эх орноо батлан хамгаалах мэдлэг боловсрол, бие бялдар, сэтгэл зүйн хувьд төлөвшүүлэхэд идэвхитэй, санаачилгатай оролцдог, хамтран ажилладаг эв нэгдэлтэй, нэг зорилгод төвлөрч чаддаг болоход анхаарч, Та бүхнийг олон талаар шахан шаардаж, сайн үйл хэрэг, сайн цэргийн мэргэжилтнүүдийг дэмжин ажиллах болно.

Монгол Улсын зэвсэгт хүчнийг улс төрийн нам эвсэл, бүлэглэл, арилжаа бизнесийн холбооноос холдуулж, жинхэнэ эх оронч, чадварлаг, мэргэжсэн цэргийн стратегич удирдлагатай зэвсэгт хүчин байх ёстой гэдгийг энд зориуд анхааруулж байна.

Хоёр хөрш орон болон бусад гадаад орны төрийн цэргийн байгууллагатай байгуулсан цэргийн, цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Олон улсын хамтарсан сургалт дадлагыг үр өгөөжийг нэмэгдүүлж, урт хугацааны хөтөлбөрөөр  мэргэжлийн өндөр бэлтгэлжилт бүхий бие бүрэлдэхүүн, орчин үеийн зэвсэглэл, техник бүхий чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлэн хөгжүүлэх зорилго, зорилтуудыг Та бид хамтран хэрэгжүүлж чадна гэдэгт Би итгэл төгс байна.

Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, сахилга, зохион байгуулалтаа бэхжүүлэн, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай зүтгэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд уриалж, цаашдын албанд тань их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Та бид үүнийг хамтран хэрэгжүүлж чадна. Төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэхэд тууштай зүтгэхийг уриалж байна. Монгол цэргийн сүлд хийморь бадран мандаж байг’ гэв.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here