Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн дор Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөлөө.
2014 оноос хойш 2 жилд нэг удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү чуулганыг 2020 онд аль улсын ямар хотод зохион байгуулах талаар зөвлөлдөж шийдвэрээ гаргалаа. Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг зохион байгуулахаар БНСУ-ын Сөүл хот, БНХАУ-ын Чанчунь хотууд өрсөлдлөө. Тэд өөрсдийн хотын давуу талыг сурталчилж, танилцуулсан юм.
БНСУ-ын Сөүл хот Өмнөд Солонгос улсын нийслэл бөгөөд 10 гаруй сая хүнтэй. Засаг захиргааны хувиараар улсын нэгдүгээрт орох онцгой том хот юм. Сөүлийн цамхаг, Түндэмүний загварын ордон, Лотте ордон зэрэг гадаад, дотоодын жуулчдыг татах олон орчин үеийн өнгө үзэмжтэй олон бүтээн байгуулалт байхаас гадна дэлхийд эхний 10 дугаарт орох жуулчин хүлээн авдаг хот юм.
Тодруулбал жилд 10 сая гаруй жуулчин Сөүл хотыг зорьдог ажээ. Сөүл хотыг зорьсон агаарын тээврийн гол буудал Инчон нь 2005-2013 онд дараалан дэлхийн шилдэг нисэх буудлаар шалгарч байсан. Зүүн Хойд Азидаа онцгой том хот төдийгүй бусад улсын сонирхлыг татсан хот юм.
~Зүүн хойд Азийн хотын дарга нар Сөүл хотод чуулна~
Учир нь дэд бүтэц талаасаа давуу талтай төдийгүй Инчоны нисэх онгоцны буудлаас зочдыг хүлээн авч байрлуулах ажлыг дээд хэмжээнд зохион байгуулах боломжтой юм. Сөүл хот Олон улсын хурал, олон арга хэмжээг зохион байгуулж байсан туршлагатай.
Тухайлбал 1986 оны Азийн наадам, 1988 оны зуны олимп, 2002 оны Хөлбөмбөгийн ДАШТ, 2010 оны “Их 20”-ийн уулзалт зэрэг спорт, улс төрийн холбогдолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.
БНХАУ-ын Чанчунь хот нь 8 сая гаруй хүн амтай. Чанчунь хотын алдартай Чинбай уул нь Сибирийн ан амьтантай, онгон дагшин байгальтай зэрлэг ойгоор хүрээлэгдсэн. Мужийн баруун хэсэг нь ус, намаг ихтэй бөгөөд олон нуурын тогтоцтой газар юм.
Нүүдлийн шувууд, Сибирийн тогоруу Сонхуа голд ирж нутагладаг бөгөөд энэхүү голыг даган нутгийн иргэд эрдэнэ шиш тариалдаг байна. Чанчунь хотын бараа бүтээгдэхүүн чанарын хувьд сайн байдаг бөгөөд дэлхийн зах зээлд нийлүүлэгддэг. Хөдөө аж ахуйг хөгжүүлж ялангуяа мал аж ахуйн фермерийг дэлхийд тэргүүлэх салбар болгохоор ажиллаж байна.
Мөн олон улсын хурал зохион байгуулж байсан туршлагатай төдийгүй үзэсгэлэнт байгальтай учир ирсэн зочид байгалийн үзэсгэлэнтэй танилцах боломжтой. 2020 оны Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг зохион байгуулвал “Хотын усны менежмент, ухаалаг хотын хөгжил” сэдвийн дор чуулах талаар танилцууллаа.
Танилцуулгын дараа форумд оролцогч зочин хотын дарга нараас нууц санал хураалт явууллаа. Нийт 16 санал ирснээс БНСУ-ын Сөүл хотод 11, БНХАУ-ын Чанчунь хотод 5 санал ирж 2020 оны Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдахаар боллоо.
Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг зохион байгуулах болсон БНСУ-ын Сөүл хотын Захиргааны асуудал хариуцсан дэд дарга Жун Бён Юн-д Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хотуудын шилжин явах цомийг гардуулан өглөө.