Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүнээс өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы энэ сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.
Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг энэ хугацаанд гурван удаа хуралдаж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад анхдагч хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 22, дагалдаж өргөн баригдсан хуулийн төслөөр гурван санал бэлтгэсэн байна. Ингээд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, төслийн 5 дугаар зүйлд “Энэ зүйлийн 5.1-д заасан зарчмыг зөрчиж зөвлөлдөх санал асуулгын үр дүнд нөлөөлөх, санал асуулгын дүнг санаатайгаар гуйвуулахыг хориглоно” гэсэн агуулгатай 5.2 дахь хэсгийг нэмэх, төслийн 6.3 дахь хэсгийг “Шийдвэр гаргах эрх бүхий этгээд энэ хуулийн 6.1-д зааснаас бусад асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг санаачлан явуулж болно” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн төслийн 11.11 дэх хэсэгт “Энэ зүйлийн 11.4-т заасан зөвлөлдөх санал асуулгын санал авах хуудас дахь мэдээлэл нууц байна” гэж нэмэх, төслийн 11 дүгээр зүйлд “Энэ хуулийн 11.10.4 дэх заалтад заасан хөтлөгч нь өөрийн байр сууриа илэрхийлэх, өөр мэдээлэл өгөх зэргээр хэлэлцүүлэгт оролцож нөлөөлөхийг хориглоно” гэсэн агуулгатай 11.15 дахь хэсгийг тус тус нэмэхээр тогтов. Түүнчлэн зөвлөлдөх санал асуулга явуулахтай холбогдон гарах зардлыг улсын төсөв, орон нутгийн төсвийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр өөрчлөн найруулахыг дэмжлээ. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлт, хуулийн төслийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.
Байнгын хорооны хуралдааны эцэст тус Байнгын хорооны 2016 оны 07 тоот тогтоолын хэрэгжилтийн талаархи танилцуулгыг сонсож танилцав. Тус Байнгын хороо МҮОНРТ-ийн ажиллагсдын түр хороо, хамт олноос ирүүлсэн хүсэлтийн дагуу ажлын хэсэг гаргаж Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилт, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл, ерөнхий захирал хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн гүйцэтгэж байгааг, мөн төрийн холбогдох мэргэжлийн байгууллагууд МҮОНРТ-ийн үйл ажиллагааг шалгасан талаархи дүгнэлтийг хуралдаанаараа хэлэлцээд Байнгын хорооны 2016 оны 07 тоот тогтоолоор МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд зөвлөмж хүргүүлсэн. Энэхүү зөвлөмж, Байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлтийн мөрөөр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хийж буй ажлынхаа талаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс Байнгын хороонд танилцуулга ирүүлсэн байна.
МҮОНРТ-ийн үйл ажиллагааг шалгаж танилцаад Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан дүгнэлт, мөн тус байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, менежментийн байдалд төрийн холбогдох мэргэжлийн байгууллагуудаас хийсэн шалгалтын мөрөөр илэрсэн алдаа дутагдлыг засах, дахин давтахгүй байх, хариуцлага, сахилгыг сайжруулах чиглэлээр Үндэсний зөвлөл зарим тодорхой арга хэмжээ авч эхлээд байгаа. Тухайлбал, өмнөх ерөнхий захирал өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тул сонгон шалгаруулалтын үндсэн дээр шинэ ерөнхий захирлыг томилж, байгууллагын дотоод журам, Үндэсний зөвлөлөөс ерөнхий захиралтай байгуулах Хөдөлмөрийн гэрээ болон бусад холбогдох дүрэм, журамд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа, МҮОНРТ-ийн хэмжээнд хэрэгжүүлэх “Сайн засаглал” хөтөлбөр баталсан зэргийг дурдсан байна. Мөн хуулийн хэрэгжилтийг хангах, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг боловсронгуй болгох, байгууллагын эрх зүйн орчныг сайжруулахад чиглэгдсэн зарим саналаа илэрхийлжээ.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Б.Ундармаа, Ж.Мөнхбат нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Эцэст нь Байнгын хорооны дарга Н.Энхболд олон нийтийн радио, телевиз нь өөрийн гэсэн хуультай байгууллага учраас Үндэсний зөвлөлөөс тавьсан саналуудыг анхаарч судалж үзэх, цаашид тус байгууллага нь хуулийн хүрээнд бие дааж хараат бусаар ажиллах, нэвтрүүлгийн чанарыг сайжруулахад Байнгын хороо анхаарч ажиллах болно. Шаардлагатай гэж үзвэл Байнгын хорооны гишүүд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг боловсронгуй болгох чиглэлээр хуулийн төсөл санаачилж болох юм гэдгийг хэллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.