Өнөөдөр болсон УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хуралдааны үеэр АН-ын бүлэг тус хуулийн баривчлах ялтай холбоотой асуудалд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж, “Бид хариуцлага хэрэгтэй гэдгийг ойлгож байна. Гэхдээ хуулийн дарангуйллаар хүний үйлдэл бүрт торгууль, шийтгэл ногдуулж болохгүй гэдгийг удаа дараа анхааруулсан. Зөрчлийн хуулийг хэтэрхий нэг талыг барьсан гэж үзэж байна. Тиймээс АН-ын бүлэг санал асуулгад оролцохгүй” хэмээгээд АН-ын гишүүд УИХ-ын чуулганы танхимыг орхин гарсан байна.
Нийт 85 саналын томъёолол бүрийг хэлэлцэж санал хураасан бөгөөд үдээс хойш чуулган дахин Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, “Санаатай хүнд гэмт хэргийг урьдаас амлалгүйгээр нуун далдалсан бол хүнийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсэн саналыг эргүүлэн татаж, тусгай зөвшөөрөлгүй байгууллага, хүн үр хөндөлт хийсэн тохиолдолд торгож, 30 хүртэл хоног баривчлах тухай зүйл, мөн албан тушаалаа урвуулан ашигласан тохиолдолд торгох арга хэмжээ авах зүйлийг дэмжсэнгүй.
Бусад саналыг дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.