Нүүр хуудас Улс төр З.Мэндсайхан: Хаваржилт хүндрэхээс урьдчилан сэргийлж, зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэв

З.Мэндсайхан: Хаваржилт хүндрэхээс урьдчилан сэргийлж, зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэв

107
0

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хөдөө аж ахуйн салбарын 2021 оны өвөлжилтийн хүрээнд хийсэн ажил, хаваржилтын бэлтгэл ажлын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Өвөлжилт, хаваржилтын хүрээнд хийсэн ажил

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” 19 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган, Засгийн газраас 2020-2021 оны өвөлжилт, хаваржилт хүндрэхээс урьдчилан сэргийлж, зарим арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Үүнд:

Засгийн газрын 2020 оны “Улсын нөөцөөс өвс, тэжээл гаргах тухай” 212 дугаар тогтоолоор өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн болон хүндрэх төлөвтэй байгаа Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Ховд аймагт Улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байсан, нийт 2.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3800 тонн өвсийг үнэгүй, 1900 тонн малын тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан олгохоор шийдвэрлэн, малчдад өвс, малын тэжээл олгох ажлыг амжилттай зохион байгуулав.

Засгийн газрын 2020 оны “Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 213 дугаар тогтоолоор Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн 5.0 сая ам.долларын эх үүсвэрээр Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудын нийт 45750 малчин өрх болон отор нүүдэл хийж буй малчин өрх бүрт 300,000 төгрөгийн малын хүчит тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэж, тэжээл тээвэрлэлтийн ажил 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 70.0 хувийн гүйцэтгэлтэй, үүнээс Баянхонгор аймагт 68 хувь, Говь-Алтай аймагт 100 хувь, Өмнөговь аймагт 100 хувь, Өвөрхангай аймагт 54 хувь, Дундговь аймагт 92 хувийн гүйцэтгэлтэй ажлын зохион байгуулалт хийгээд байна.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар арын 17-ны өдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймгийн “Цагааннуур”, Увс аймгийн “Боршоо” хилийн боомтоор малын тэжээл импортлох арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, хаваржилтын эрсдэлийг буруулах боломж бүрдсэн.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай”, “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулиар мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвсийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлсэн болно. Ингэснээр мал, амьтны бүх төрлийн тэжээл импортлох чиглэлээр 65 аж ахуй нэгжтэй бодлогын гэрээ байгуулж, 2021 оны хавар мал аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай 120.0 орчим мянган тонн тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах боломжийг бүрдүүлсэн. Мөн нийт 30.0 гаруй мянган тонн мал, амьтны бүх төрлийн тэжээл импортолж, 25 кг савлагаатай улаанбуудайн хивгийн дундаж үнэ 19465 төгрөг байсан бол 17965 төгрөг буюу 8 орчим хувиар бууруулсан. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт 1200, Дорнод аймагт 200, нийслэлд 300 тонн, нийт 1700 тонн өвсний нөөц байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here