Нүүр хуудас Улс төр З.Энхболд:”Ерөнхийлөгчийн даалгаснаар би зөвшилцөх хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд тус Тамгын газрын дотоод албан...

З.Энхболд:”Ерөнхийлөгчийн даалгаснаар би зөвшилцөх хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд тус Тамгын газрын дотоод албан хэргийн харилцаанд оролцохгүй байхыг танаас хүсч байна” гэлээ.

161
0

Сүүлийн өдрүүдэд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баяр, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудал нэлээд хурцдаж, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газрын хооронд албан бичиг хөврөх болов.Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод зарим Элчин сайдуудыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр энэ долдугаар сарын 19-ний өдөр  албан бичиг хүргүүлсэн билээ. Уг албан бичигт УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон долдугаар сарын 20-нд хариу бичиг өгөөд байсан юм. Ингэхдээ УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Элчин сайд нарыг Ерөнхийлөгч эргүүлэн татах боломжгүй” гэх хариуг өгсөн бол өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дээрх албан бичгийн хариуд “Элчин сайдыг эгүүлэн татах нь Ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй үндсэн бүрэн эрх” гэсэн хариулт өгөв.  Элчин сайд С.Баяр, М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудлыг “хамгаалж байгаа” гэгдэх болоод буй УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон гэж хэн бэ Ц.Цолмон нь 1973 онд төрсөн, эрх зүй мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 1980-1988 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1988-1992 онд ОХУ-ын Омск хотод технологийн техникум, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйн мэргэжлээр төгсөж, 2001-2003 онд Их Британийн Эксетерийн их сургуульд хууль зүйн мастер, 2013-2014 онд АНУ-ын Колумбын их сургуульд хууль зүйн мастер тус тус хамгаалжээ. Тэрбээр 1993-1994 онд Улсын Их Хурлын Тамгын газарт компьютерийн операторч, 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш, 2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хууль зүйн бодлогын газрын дарга, 2011-2016 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр тус тус ажиллаж байсан нэгэн юм.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгийн ирүүлсэн бичигт хариу албан бичигт, “Таны 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 14/1334 тоот “Хариу өгөх тухай” албан бичигтэй танилцлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах” үндсэн бүрэн эрх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй үндсэн бүрэн эрх мөн. Энэхүү бүрэн эрхийг Ерөнхийлөгч Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн аливаа хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлнэ. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгээр “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх” эрхийг Засгийн газарт олгосон боловч энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үндсэн бүрэн эрхийг Засгийн газарт шилжүүлсэн зохицуулалт биш болно. Үндсэн хуулиар олгогдсон үндсэн бүрэн эрхийг бусад хуулиар хязгаарлах боломж үгүй бөгөөд энэхүү заалтыг ийнхүү явцууруулан тайлбарлах нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэж байна. Энэхүү заалт нь Засгийн газарт төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэгчийнх нь хувьд элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох эрхийг олгож буй эрх зүйн зохицуулалт мөн. Иймд зөвхөн Засгийн газрын санал болгосноор томилох, эгүүлэн татах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөнө гэж ойлгож хэрэглэх нь Монгол Улсын Үндсэн хуулийг ойлгоогүй, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хууль бусаар хязгаарласан хэрэг гэж үзэхээс өөр аргагүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газрын үндсэн бүрэн эрх дотор “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх” тухай ямар нэг зохицуулалт тусгагдаагүй. Засгийн газрын өргөн мэдүүлсэн Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгч зөвшөөрч түүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөх боломжтой бөгөөд үүний нэгэн адил Засгийн газрын өргөн мэдүүлсэн саналыг эс зөвшөөрөх, эсхүл Засгийн газрын өргөн мэдүүлэхийг хүлээлгүйгээр Улсын Их Хуралтай зөвшилцөх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар түүнд олгосон болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгаснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд би зөвшилцөх хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд тус Тамгын газрын дотоод албан хэргийн харилцаанд оролцохгүй байхыг танаас хүсч байна” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here