Ким Жон Ун Хятадтай харилцаагаа бэхжүүлэхээ амлав.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Хятадтай харилцаагаа бэхжүүлэхийн төлөө гэдгээ илэрхийлж, хоёр орны харилцааг хөгжлийн шинэ шатанд гаргана гэдгээ амласан тухай Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг уламжиллаа.
Ким Жон Ун Пхеньян хотноо Хятадын Коммунист намын төв хорооны олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Сун Тао-той уулзахдаа ийнхүү мэдэгджээ. “Дээд удирдагч, БНАСАУ болон Хятад хооронд уламжлал болон тогтсон найрсаг, нөхөрсөг харилцааг хөгжүүлж, урагш ахиулж, хөгжлийн шинэ шатанд гаргана гэж амлалаа” гэж тус агентлагийн мэдээлэлд өгүүлжээ.
Сун Тао БНАСАУ-д өнөөдөр тэмдэглэж байгаа аугаа их удирдагч Ким Ир Сен мэндэлсний 106 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Пхеньянд иржээ. Тэрээр өмнө нь өнгөрсөн оны 11 дүгээр сард БНАСАУ-д айлчилж байсан байна.
Сун Тао тэр үед Хятадын Коммунист намын 19 дүгээр Их хурлын талаар, их хурлаар ямар асуудал хэлэлцэж, ямар шийдвэр гаргасан талаар умардын удирдагчдад хүргэхээр Пхеньянд ирж байжээ. Мөн Ким Жон Ун өнгөрсөн 3 дугаар сарын 25-28-нд БНХАУ-д айлчилсан.
Энэ нь түүний хувьд эцэг Ким Чен Ир-ийгээ 2011 онд насан өөд болж, өөрөө улс орныг тэргүүлэх болсноос хойш хилийн чанадад хийж буй анхны айлчлал нь байлаа.