~Киргизийн экс Ерөнхий сайд авлигын хэргээр саатуулагдлаа~
Киргиз Улсын Ерөнхий сайд асан Сапар Исаковыг авлигын хэрэгт сэжиглэн шалгаж, тус улсын хууль сахиулах байгууллага баривчиллаа гэж Үндэсний аюулгүй байдлын хорооны хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.
Тэрбээр Бишкек хотын Первомай дүүргийн шүүх Сапар Исаковт авах арга хэмжээний тухай шийдвэрээ өөрчилсөн учир түүнийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дуусах хүртэл тэр тус хорооны хорих байранд саатуулагдах болно гэжээ.
Мөн тэрбээр “Ерөнхий сайд асан Сапар Исаков Бишкек хотын Дулаан түгээх сүлжээг засварлахтай холбоотой авлигын хэрэгт шалгагдаж, хилээр гарах эрхээ хязгаарлуулж байсан” гэжээ.
Исаков Киргиз Улсын ерөнхий сайдаар өнгөрсөн оны 8 дугаар сард томилогдон, хагас жил ажилласан боловч Парламентын шийдвэрээр түүнийг огцруулжээ.
Исаков өмнө нь Киргиз Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Тамгын газрын даргаар ажиллаж байжээ.