Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон гол 7 шалтгаан:
НЭГ: “Мэргэжлийн” нэртэй ч мэргэжил муутай нөхдөөр анхнаасаа сайдуудаа томилсон . Төрийн бүх шатанд ах дүү, хамаатан садан, найз нөхдөө шахсан томилгоонууд хийсэн нь МАН-ын гишүүдийнхээ хүчтэй шүүмжлэлтэй тулгарав. Засгийн газрын өндөр тушаалын “халаасны хүн” төрийн яам, агентлагуудад очин мэргэжлийн хүмүүсийг шахах, дур зоргын шийдвэрүүдийг цөөн хүнд зориулж гаргах зэрэг үзэгдэл хэрээс хэтэрсэн.
ХОЁР: Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат намын даргынхаа сүүдрээс гарч ирж чадсангүй. Уг нь манайд Засгийн газар тэргүүлж байгаа хүн ямар ч үед лидер болон гарч ирдэг уламжлалтай. Харин Ж.Эрдэнэбатын хувьд лидер болж чадсангүй. Өөрийг нь санал болгож томилсон УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын сүүдэрт хоргодсоор ийм байдалд хүрлээ. Өөрөө лидер болж чадаагүй Ерөнхий сайдын танхим нь түүний удирдлагад байх уу? Үгүй нь ойлгомжтой. Тиймээс гурав, дөрвөн сайд хэтэрхий дураараа дургиж, хууль, ёс суртахуун зөрчсөн.
ГУРАВ: Нэг удаа Ц.Нямдорж гишүүн “АН-ынхан өм цөм иддэг. Манай намынхан…” гэж хэлж байлаа. Тэгвэл энэ удаа МАН-аас сайд болсон хэдэн нөхдүүд “идэж уухаар” ёстой л өм цөм дайрцгаалаа. Гурван сайд нь өөрсдийн компанид концесс авсан. Төсвийн тухай хууль зөрчин Засгийн газрынхаа гишүүдтэй концессийн гэрээ байгуулсан явдал.
ДӨРӨВ: Шадар сайдыг тагнаж чагнасан хэрэг. Шадар сайдтайгаа учраа олж чаддаггүй Ерөнхий сайд огцрохоос ч яахав. Өөрөө чагнаагүй гэсэн ч НХХ-ийн сайд нь “Улс төр нь тагнуултайгаа ойр байх нь сайн улстөр” гэж хэлж орхисон. Эндээс Шадар сайдыгаа чагнаагүй гэж дүгнэхэд хэцүү болчихож байгаа юм. Мөн УИХ-ын гишүүдээ тагнаж чагнаад байгаа чинь хэтэрлээ гээд Ц.Нямдорж нарын намын нөхөд нь, сөрөг хүчний Ж.Батзандан нар дандаа сануулсаар ирсэн байхад ийм асуудлыг шийдэж чадаагүй.
ТАВ: МАН-ын сонгуулиар амласан амлалтын эсрэг Засгийн газар нь явлаа . Тухайлбал, ганц ч татвар нэмэхгүй гэдгийг нэмнэ гэж ойлгосон юмсан уу, 7 төрлийн татвар нэмлээ. Тэгээд ч зогсохгүй, хүүхдийн мөнгийг ялгавартай өгч эхэлсэн. ОУВС ингэ гээд байна гэж хийчихээд удалгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө УИХ-ын шийдвэргүйгээр бүх хүүхдэд мөнгө олгосон нь Төсвийн хууль, ОУВС-гийн өмнө амласнаа ноцтой зөрчсөн . Энэ мэтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Ард түмэндээ ачааны хүндийг үүрүүлсэн”гэж шүүмжилсэн.
ЗУРГАА: Засгийн газраа авч үлдэх ажиллагаа явуулахдаа хар пиарын тунг хэтрүүллээ . Намын нөхдөө хэвлэл, сошиалаар дайрч доромжлохоос эхлээд нэг сая ам.долларын санал хүртэл тавьсан гэнэ. Тойргийнх нь сонгогчид,намын гишүүд рүүгээ хүртэл мессэж бичин олны дургүйцлийг өрдсөн нь Засгийн газрыг огцруулах хүчийг нэмсэн.
ДОЛОО: Ж.Эрдэнбат Ерөнхий сайдаасаа эхлээд 60 тэрбумын схемийг үгүйсгэлгүй, хамгаалав . Хэдийгээр төрийн албыг наймаалцсан гэж батлаагүй ч улайм цайм хийгдсэн томилгоонуудын ард “но” байгаа гэж МАН-ын гишүүд, УИХ-ын гишүүд хүртэл олонтаа ярив.Үүгээрээ болон сайдууддаа концесс өгсөн асуудлаараа авлига, ашиг сонирхлоос ангид байж чадсангүй. 60 тэрбум, концесс бол энэ Засгийн газрын үеийн давралтын дээд орой. Доош нь ухвал их юм гарна хэмээн учир мэдэх хүмүүс ярьж байна.
Эдгээр ноцтой шалтгаанууд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцрууллаа. УИХ-д 65 суудалтай МАН дараагийн засгаа байгуулахаас эхлээд эдгээр алдааг давтахгүй, өмнөх алдаагаа зассаар явбал гурван жилд их ажил хийх бүрэн боломжтой.