МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын сонгуулийн сурталчилгааны нээлт Сүхбаатарын талбай дээр эхэлж МАХН-ын дарга Н.Энхбаяр үг хэллээ. Тэрээр “Эзэн Чингис, Их жанжины хөшөөтэй төв талбай дээрээс та бүхэндээ хандан мэндчилж байна. Энэ бол монголын төв цэг. Өнөөдөр энэ цэгээс монголоо аврах аян яг одоо эхэлж байна. Ард түмний сайн сайхан амьдралыг хаасан МАНАНГ арилгах аян эхэлж байна. Залуучуудын ирээдүй бүүдгэр байна. Тусгаар тогтносон улс орныг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн ахмадуудын маань нойр хулжиж, жилээс жилд өр ширэнд дарагдж байгаа малчид маань сэтгэл гундуу байна. Нийгмийн даатгал төлж байгаа ажилчин иргэд маань туйлдан залхаж, эдгээр удирдаж буй нөхөдөөс салахын түүс болсон байна. Бүх хүмүүс МАНАН-гаас өөр гарц байна уу гэж хайж байна. Таван толгой, Оюутолгойгоо гадаадад худалдаж идэхээс өөр гарц байхгүй юу хэмээн ард түмэн асууж байна. Тэгвэл бидний өгч байгаа хариу бол “Өөр гарц байна”. Намайг хууль бусаар сонгуульд оролцуулаагүй. Энэ их үйл хэргийг үргэлжлүүлэх өөр хүн байхгүй гэж бодсон бололтой. Тэгвэл эндүүрчээ. Тийм зоригтой, чадалтай хүмүүс зөндөө байна.
Улс орныг маань гүн гүнзгий хямралд оруулсан МАНАН-гийн нэр дэвшигчдээс өөр гарц байна. Энэ бол Сайнхүүгийн Ганбаатар юм. Өөр гарц байна. Бидэнд итгэ. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болно гэдэгт итгэлтэй байгаа Сайнхүүгийн Ганбаатарыгаа индэрт уръя” гэв.
Нэр дэвшигч С.Ганбаатар: Өнөөдөр энд монгол ахан дүүс маань цугларсан байна. Энэ уухайн түрлэг сэвэлзсэн сайхан салхиар улс орны өнцөг булан бүрт хүрэх болтугай гэж уухайлъя. Монголы ард түмэн өөрийн гэсэн итгэл үнэмшлээр энэ сонгуульд оролцоно гэдэгт итгэж байна. Алаг үрс маань сугалаанд азаа үзэж цэцэрлэгт орж байна. Ингэж дээр дооргүй алагчлуулж болохгүй.
Тэдэнд мөнгө байгаа, бидэнд гарц байгаа. Тэдэнд тойрон хүрээлэгч байгаа. Бидэнд итгэл үнэмшил байгаа. Бид бүх юмыг худалдаж болох аюултай нийгэм рүү явж байна. Тиймээс бүгдээрээ эвлэлдэн нэгдэж монголынхоо ирээдүйн төлөөр урагшилцгаая. МАНАН мухардалд орж шуналдаа идэгдсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн үүрэг бол шударга ёсыг тогтоох юм. Гэтэл өнөөдөр хэдхэн гэр бүл баяжаад ард түмэн ядуу зүдүү амьдарч байна. Тиймээс энэ хулгайг зогсоох эрхийг хулгайчдад өгч болохгүй. Шатыг дээрээс нь шүүрддэг болохоос биш доороос нь шүүрддэггүй. Тиймээс авлигалд автсан төр засгийг хамтдаа дээрээс нь шүүрдье.
Бид зөвхөн тэмцдэг хүмүүс биш болно. Оффшорт очиж байгаа мөнгийг ажлын байр, сургууль, цэцэрлэг болгодог хүчирхэг төртэй болно. Монголын ард түмэн эдийн засгийн эрх чөлөөгүй байна. Өнөөдөр тэдний сурталчилгааг харлаа. Авилгачдын цуглаан байлаа. Монголын ард түмэн та бүхэн биднийг хүчирхэг зам дээр гаргалаа. Бид ажилтай орлоготой, хүчирхэг монголын төлөө зүтгэх болно гэв. Мөн Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатарын сонгуулийн сурталчилгааны нээлт Хэнтий аймгийн Чингис хотноо морин цагт морин жагсаалаар эхэллээ.
“Өөр гарц байна. Бидэнд итгэ” уриатай нэр дэвшигч С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд “Их аяныг эхлэхүй” мөрийн хөтөлбөрөөс есөн хүсэл, есөн зорилт дэвшүүлж, иргэд сонгогчиддоо өргөн барьж байгаа юм байна.
Нэр дэвшигч Ганбаатар “Авлигачдын халаасанд орохгүй, Ард түмнийхээ хяналтад оръё” уриаг дэвшүүлэн сонгуулийн хандивын дансаар орсон мөнгөөр сонгуулийн сурталчилгааны материалаа хэвлүүлсэн аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар ирэх 6 дугаар сарын 18-нд Хэнтий аймгийн Чингис хотноо хүрэлцэн ирж, иргэд сонгогчидтойгоо уулзалт зохион байгуулах юм байна.