Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы хувь эзэмшдэг компани нь ЖДҮХС-гаас зээл авсан тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан чуулганы хуралдааны үеэр байр сууриа илэрхийллээ.
“Миний сонсоогүй хараагүй мэдээлэл байна. Шалгаж үзье. Миний бие ЖДҮХС-гаас ямар нэг зээл аваагүй. Худал мэдээлэл тараасан байна. Энэ боломжийг ашиглаад нэг зүйлийг хэлэхэд Монголбанкинд зээлийн мэдээллийн сан гэж байдаг. Арилжааны банкуудаас авсан зээлүүд Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэгдэж байдаг.
Харин ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэгддэггүй. Сэргэлэн сайдыг ХХАХҮҮ-ийн сайдаар ажиллаж байх үед би нэг албан тоот бичиг явуулж байсан. Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас олгож байгаа зээлийг Монголбанкны мэдээллийн санд бүртгэж байх нь зүйтэй байна.
Энэ чиглэлээр хамтарч ажиллая гэсэн санал тавьж байсан. Бид энэ саналаа хэрэгжүүлэхийн төлөө цаашид ажиллах хэрэгтэй боллоо гэж ойлгож байгаа” гэв.
эх сурвалж: itoim.mn