Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан хуралдаанаар эхлээд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.
Уг асуудлыг 2017 оны нэгдүгээр сарын 05-ны Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүд зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд гаргасан бөгөөд тэдгээрийг Улсын Их Хурлын даргын өгсөн чиглэлд нийцүүлсэн гэдгийг хуралдаан даргалагч танилцууллаа. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсний эцэст хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 84.6 хувь нь “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй хэмээн үзлээ.