Засгийн газраас Төрийн албаны ёс зүйн дүрмийг шинэчлэх ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргажээ. Бүх шатны төрийн албан хаагчид, тэр дундаа төрийн удирдах албан тушаалтнууд, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд хэрвээ ямар нэгэн байдлаар мөрийтэй тоглоомын газар тоглосон нь баримтаар нотлогдох, бичлэг нь задарвал ёс зүйн дүрэм зөрчсөн үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх аж.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ,
“Солонгосын казинод манай улсаас хамгийн олон төрийн албан хаагчид тоглодог гэсэн статистик бий. Засгийн газар төрийн албан хаагчдынхаа цалинг нэмж байгаа ч Солонгост хар ажил хийж байгаа төвшинд аваачиж чадахгүй байна гэсэн үг шүү дээ.
Тэр нь сард 4.5-5 сая төгрөг. Гэтэл төрийн албан хаагчид буюу төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд казинод тоглодог тоогоор манай улс дээгүүрт орж байна гэсэн судалгаа өгч байна.
Энд ямар локкиг харагдаад байна вэ гэхээр авилгал гэж харагдаад байгаа юм. Дарга нар нь валютынхаа урсгалыг казинод аваачиж тушаагаад байдаг. Төрийн албан хаагчид нь цалин хүрэхгүй Солонгост очиж хар ажил хийгээд байдаг. Монгол Улсын албан бус мөрийтэй тоглоомын систем, далд систем, далд эдийн засаг авилгад живэх дөхсөн байна.
Олон судалгаа үүнийг баталж байгаа. Үүнийг цэгцлэхээс өөр арга байхгүй. Дарга бол казино ч тоглох, зээл ч авах, хүүхэд нь сургалтын хөтөлбөрт ч хамрагдах эрхтэй, ямар ч хуульгүй. Тэгэхээр иргэд нь бухимдалгүй яах вэ” гэсэн юм.