Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд манай улс гадаадын хөрөнгө оруулагчдын 50 хувийг алдаад байгаа гэх судалгаа бий. Хэдийгээр эдийн засгийн хямрал нүүрлэсэн нь хөрөнгө оруулагчдыг бодлоо өөрчлөхөд нөлөөлсөн байж болох ч түүнээс илүүтэйгээр төр, засгийн удирдлага хууль тогтоомжоо байнга өөрчилж, хийсэн гэрээ хэлэлцээрээсээ буцан хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан нь үүнд хамгийн их нөлөөлсөн.
Тиймдээ ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хүнд суртал, хууль бус үйл ажиллагаатай холбоотой өргөдлийг шуурхай шийдвэрлэх зорилгоор Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулах захирамж гаргасан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан тус зөвлөлийн анхны хурал өнөөдөр боллоо.
Анхны хуралдааны үеэр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Хөрөнгө оруулалтын хууль зүйн орчныг боловсронгуй болгох замаар хөрөнгө оруулалт татна” гэдгийг онцлов.