Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар нийслэлийн Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд өнгөрсөн 14 хоногийн төлөв байдлын талаар танилцуулсан. Тэрбээр “Нийслэлд хотод зохион байгуулагдсан олон нийтийг хамарсан арга хэмжээний үед 17 удаа хэв журмын хамгаалалт зохион байгуулж, давхардсан тоогоор 250 алба хаагч, 16 автомашинтай үүрэг гүйцэтгэсэн. Явган болон авто эргүүлийн 124 чиглэлд 301 алба хаагч, үүрэг гүйцэтгэж, 53 гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлэн, 542 аж ахуйн нэгж байгууллага, 626 тээврийн хэрэгсэл, 9645 иргэнийг шалган зөрчил гаргасан 8256 иргэнийг 15.265.500 төгрөгөөр торгосон. Мөн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 251 иргэнийг саатуулж, биеэ авч явах чадваргүй 245 иргэнийг ар гэр асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгсөн” гэлээ.
“Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3578 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 96, зөрчлийн шинжтэй 1448 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан 96 ослыг материалжуулан шалгаж байна. Шинээр 11 байршилд баруун гар тийш эргэх зохицуулалт хийгдэж өнөөдрөөс хэрэгжиж эхлээд байна. Байгууллага аж ахуйн нэгжүүд шинэ жилийн баяраа тэмдэглэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил ихэсч байгаатай холбоотойгоор “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, нийслэлийн хэмжээнд Замын цагдаагийн алба хаагчдыг орой бүр хуваарилан нэгдсэн шалгалтад ажиллуулж, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна” хэмээн Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн дэмжлэг үзүүлэх хэлтсийн дарга, хурандаа Д.Дашдорж хэллээ.
НОБГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр “Сарын сүүлч буюу энэ сарын 20-доос хүйтэрч эхлэх төлөвтэй байгаа. Нийслэлийн хэмжээнд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 90 удаагийн дуудлага ирсэнээс объектын гал түймрийн 84 дуудлага, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 6 удаагийн дуудлагатай байлаа. Объектын гал түймэр, ахуйн болон техникийн холбогдолтой ослоос 3 хүний амь биеийг аварч, 2 хүнд эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлж ажиллалаа” гэж мэдээллээ.
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлийн Засаг даргын 03 тоот албан даалгаврын биелэлтийг ханган ажиллах”-ыг харьяа агентлаг, дүүргийн удирдлагуудад үүрэг болгов. Мөн дүүргийн Засаг дарга нар дүүргийнхээ нутаг дэвсгэрээ тойрч явж нөхцөл байдалтай нь газар дээр нь танилцаад, зарим шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг даалгав нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэлмэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.