БААБАР ИНГЭЖ ХЭЛЭВ
ЛХҮМБИЙН ХЭРГИЙН НУУЦ
Аллагын түүх айлын авгайд дурласан чекистээс эхлэв. 1933 оны хавар Хэнтий аймгийн Дадал суманд эхлээд нэг хөгийн юм болсон юм. Дотоод яамны төлөөлөгч гэгдэх Данзан гэх эр сумын хоршооны дарга Цэвэгжав гэгчийн эргүүлдэг хүүхэнд дурлачихжээ. Тэрээр өөрөө жирэмсэн эхнэртэй ч Цэвэгжаваас хүүхнийг нь салгахын талд малын шийр толгой муутгасан хэрэгт оруулан ажлаас нь халуулжээ. Цаадах нь үүнд сүйт хүүхнээ өгөөгүйгээр барахгүй хилс хэрэгт орсон тухайгаа Үнэн сонинд танил талаараа бичүүлсэн байна. Данзан тэгэнгүүт нь Цэвэгжавыг Японы тагнуул гэсэн матаас баримт зохион бичээд дээш өргөж. Мэдээж матаасан дээр Дотоодыг хамгаалах ажиллан өөр олон тагнуулыг илчилж гарав. Асуудал өргөжөөд эхлэнгүүт Сталинд сайхан далим гарлаа. Түүний санаачилсан хамтралжуулалтыг эсэргүүцэн Монгол руу дүрвэн гарсан 30 мянган буриадуудуудаас ял асуух далим. Ингээд хүүхэн булаацалдсан хэрэг маань буриадуудыг этноцит, геноцитээр устгах хядлага болж хувирав. Тухайн үеийн Ерөнхий сайд ч үүнээс хоцорсонгүй, юу гэвэл намын нарийн бичгийн дарга Лхүмбэтэй таарамжгүй байсан учир түүнийг буриадын тагнуулуудын толгойлогчоор тохоон томилжээ. Лхүмбэ буриад эхнэртэй байсан нь үүний гарцаагүй баталгаа мөн. Мэдээж нийт үйлдлийг буриадыг хядах гэж нэрлэлтэй нь биш, Лхүмбийн хэрэг гэсэн албан ёсны тодотголтой болсон юм.
Эхнэр булаацалдсан явдал өргөжсөөр улс төрийн томоохон хядлага болон тэлж Төвийн, Хэнтийн, Дорнодын гэсэн бүлэглэлүүд нууцаар оршин хорлон сүйтгэл явуулж байгаад илчлэгдсэн болж хувирав. 56 хүнийг цаазаар авч, 260 хүнийг 10 жилээр хорихоор болж, 126 хүнийг СССР рүү хүргэж өгснөөр “Японы тагнуулын хэрэг” түр зуур өндөрлөсөн юм. Лхүмбийг Москва руу ачсан ба 1934 оны зургадугаар сарын 30-нд буудан хороосон. Үүнээс гурван жилийн дараа болсон Их хядлагын урьдчилсан бие халаалт нь энэхүү Лхүмбийн хэрэг болжээ. Нийт монгол үндэстнийг хамруулан хядсан тэр геноцитэд насанд хүрсэн монгол эрчүүдийн 20 хувь нь алуулсан төдийгүй эмэгтэйчүүд ч хороогдсоны дотор Навчаа, Дунгаржид, Гэнэнпил зэрэг жирэмсэн эхчүүд ч хамрагдсан. “Эсэргүү” хүүхэд ч буудуулж байсан.
ТӨРИЙН ЖИДҮҮ-ЖДҮ ЗЭЭЛИЙН БУДИЛААН
Уул нь “жидүү” гэдэг бол малын яр өвчний нэр юм. Хөдөөнийхөн “Хамаг мал хамуу, жидүүнд баригдах” гэхээр андахгүй. Харин өнөөдөр “Жидүү”(ЖДҮ) гэхээр төрийн сангаас тэрбум тэрбумаар нь луйвардсан хэрэг явдлын нэр болов. Хулгай луйвар, авлига бол төрийн яр мөн л дөө.
Монгол төрийн Жидүү “ялсан намын сүр хүч”-ээс эхлэв. Яг л “Тунгалаг Тамир” кинонд ялалт байгуулсан Ардын журамт цэргүүд пүүс тоносноо “Ялсан цэргийн сүр хүч. Угтаа бол бидний юм” хэмээн тайлбарладаг шиг.
Жижиг дунд үйлдвэрийн зээл хөөрхий амьтан Засаг солигдох болгонд яам яам дамжин тэнүүчилсээр 2016 онд Хөдөө аж ахуйн яаманд иржээ. Шинэ ЗГ-т хэн хүчтэй нь авдаг юм. Шинэ удирдлага Санг өөрийнхнөөрөө дүүргэхийн тулд ажиллаж байсан хэдэн хүнийг халсны дотор нягтлан багтсан байна. Аль ч байгууллага, ялангуяа төрийн байгууллага нягтлангаа өөрийн итгэлт хүнээр тавихгүй бол шантаажинд орж хог дээр гардаг туршлага бий тул халахаас ч яахав. Шинэ удирдлага ЖДҮ-ээс хэрхэн хулгай хийж буйг илтгэсэн баримтыг халагдсан нягтлан нөхрийн хамтаар МАН дахь Засгийн газрын эсрэг фракцын даргад өргөн барив. Эсрэг фракцын дарга итгэлт гишүүддээ даалган асуудлыг мэдээллийн хэрэгслэлээр тарааж гарлаа. Ингээд нийгмийг нийтэд нь хамарсан түймэр дэгдэх нь тэр.
Сөрөг фракцынхан үлээсэн галаа засаг онхолдуулах түйрэн болгон өргөжүүлэхээр сэвлээ. Шударга хэргийн төлөө өчүүхэн муу амиа огт хайрладаггүйгээ ард түмэндээ үзүүлэх хэнээтэй хэд нь шүүмжлэлийн талбарт үзүүлэн тоглолт хийж сонин, зурагт, сайтуудыг өөрийнхөө хөөрхөн дээр нь тавьчихсан фотогоороо дүүргэж эхлэв. Гэвч бараг маргааш нөгөөдөр нь л тавьсан түймэртээ өөрсдөө хуйхлагдаж гарлаа, учир нь хүн хэлэлтгүй сөрөг фракц өөрөө зөндөө хулгайчтай аж. Шударга иргэнд тоглох дүрд албан ёсны сөрөг хүчин бас үзээд алдсан боловч тэндээс ч олон хулгайч илрэв. Ингэхээр нь төрийн тэргүүн дайраад орсон чинь өөрөө бас холбогдолтой болж таарав. Шүүх прокурор, хяналтын байгууллагууд шударгаа харуулах гэсэн чинь дорхноо өвдөг сөхрөв, учир нь тэд ч бас ялгаагүй юм байна.
“ТЭМДЭГТЭЙ МӨНГӨ” БА ТЭНЭГ ХУЛГАЙЧ
Уг нь эрх мэдэлтнүүд төрийн мөнгө шамшигдуулах нь Монголын түүхэнд шинэ юм биш л дээ. Амарбаясгалант хийдийг 60 жил барьсан түүхтэй. Анхлан 1727 онд хийд барь гэж Манжийн хаан 100 мянган лан мөнгө явуулахад замд нь хуссаар байгаад тэр их мөнгө дөнгөж суурь ухахад хүрсэн гэдэг. Шинэ хаан болгон наадахаа дуусга гээд мөнгө явуулна, хийдээс ердөө ганц дуганыг нь л арван хэдэн жилийн дараа арай гэж дуусгасан болсон. Бүтэн жаран жил сунжирсаар гүйцээсэн боловч хувьсгалчид сүүлд нь балгас ч үлдээлгүй нураагаад хаясан даа.
Тусгаар тогтнолд хэрэгтэй зэвсэг авна гэж Оросын хаанаас 3 сая рубль авчихаад түүгээрээ баахан бурхан худалдаад авчихсан байдаг. Оросууд арга ядаад мөнгө барьж байх Козин гэгчийг явуулжээ. Нэг өдөр Цэргийн яамны сайд Козинтой уулзан мөнгө гуйсан байна. Юунд хэрэглэх гэсэн юм гэж асуухад “Амин хувьд хэрэг болоод байна аа” гэсэн гэдэг.
Социализмын үед нийгмийн гэгдэх үнэн хэрэгтээ хэний ч биш хөрөнгийг хулгайлах нь хавтгай байсан. 1964 онд 7 хүн нийлж махны жингээс луйвардан 25 мянган төгрөг идсэн нь илрэхэд бусдад жигшүүлэх зорилгоор гуравт нь цаазын ял оноож байв. Гэтэл хэдхэн жилийн дараа хэдэн кондукторууд богино хугацаанд сая төгрөг шамшигдуулжээ. Бүгдийг нь буудаад байлтай нь биш. Арга нь барагдсан нам засаг нийгмийн өмчийг хулгайлж болохгүй тухай хоёр лоозон зохион бүх хүнээр толгой дараалуулан цээжлүүлж, цээжилсэн эсэхийг нь тогтмол шалгаж байв. Гэхдээ улс орон үнэхээр ядуу дорой байсан болохоор хулгайлаад хулгайлаад үнэ өртгийн хувьд өнөөгийнхтэй харьцуулахад шалихгүй.
Үнэ өртөг талаас нь ярих юм бол хулгай дээрэм шинэ зуунаас эхлэн ёстой том томоор нь хусдаг байсан. Улс орон баяжихын хэрээр улс нийгмээс хусах юмны хэмжээ харгалзан томорч байв. 2000 онд ердөө ганцхан тэрбум долларын Үндэсний нийт бүтээгдэхүүнтэй байсан улс 2012 он гэхэд 12 тэрбумтай боллоо. Энэ их мөнгөнөөс хусахгүй бол ямар аавын хүү гэх билээ дээ. Шамшигдуулах арга улам нарийссан. Улсын төсөвт янз бүрийн юм шахан нийлүүлэх, улсын үйлдвэрүүдийг тонох зэрэг байснаа төрөл бүрийн халамж тэтгэмжийг буй болгон түүнд зориулсан сангуудаас даахаараа зөөж гарна шүү дээ. Хуримын, ямааны, сүүний, тариалангийн, малчдын, шатахууны, оюутны… гэх мэт үй олон тэтгэлэг халамж санаачлагчиддаа арвин юм үлдээсэн. Үнэ тогтворжуулах, төрийн албаныхныг байшинжуулах гээд аймаар гоё нэртэй хөтөлбөрүүд ч алаад өгнө. Энэ идлээ, тэр уулаа гэх мэдээ байнга гарах боловч ийм сонин сайхан зүйл өдөртөө хэд гардаг болохоор шахцалдсан мэдээ сэнсаац болохоо болиод хүмүүс ч дассан, тоохоо ч больсон.
Харин ЖДҮ яагаад ингэж сэнсаац болов? Монголчууд толгой дараалаад хулгайч биш л дээ, арай ч дээ. Ажилгүй, ажил хийх дургүй зөндөө хүн бий боловч юм хум хийгээд амьдралаа өөд татчихъя гэсэн бодолтой хүн ч олон. Тэдэнд гарааны мөнгө хэрэгтэй. Эхлэл тавьж байгаа хүмүүст хадаад хадаад 200 сая төгрөг хэрэг болдгийг судалгаа тогтоосон. Ихэнх нь ааруул хатаая, өмд оёё, талх исгэе гээд 10 саяд багтах төгрөг л хөнгөлөлттэй зээлье гэж гуйдаг юм билээ. ЖДҮ анх тэднийг дэмжихээр санаачлагдсан билээ. ЖДҮ-г ч орон даяар гоё гялгараар сурталчилан энд тэндгүй тэрнийгээ тайлбарлан сайрхдаг төвүүд байгуулсан. Мөнгө зээлдэх төсөл шалгаруулах болоход хөөрхий 6 сая төгрөгөөр амбаартаа цайны газар нээх гэсэн хүмүүс мөнөөх төвийн гадаа хонон өнжин оочерлож царайчлан зогсоно. Гэтэл үнэндээ тэдэнд жилийн жилд олддоггүй. Зориг зүрхтэй, бас аргатай ганц нэг нь “Банк бус”-өндөр хүүтэй зээлнэ. Ихэнх нь шатна.
Харин тэд өнөөдөр гомдож байна. Талх бариад заръя гээд ердөө тавхан сая төгрөг зээлэх гэсэн 1000 хүнд хүрэлцэх мөнгийг өөрийнх нь сонгосон булиа цулгар баян дивтаат нэг амиар хусчихаар бухимдан уурсаж байна. Хусаад зогсохгүй банк бусаар дамжуулан өөрсдөд нь хүүлж, улаан голд нь тултал мөлжсөнд бачимдаж байна.
Горьдлого мөрөөдлийг нь багалзуурдан доромжилсон тэдэнтэй үзэлцвэл ч үзэлцье гэж байна. Улсын хөрөнгө хэдэн зуун тэрбумаараа хулгайлагдсан, тэр нь эзэн холбогдогчтой байхад тэд тоодоггүй. Яагаад гэвэл тэр нь тэдний мөнгө биш. Харин ЖДҮ бол хичнээн бага байсан ч хуулиараа тэдэнд ноогдох ёстой мөнгө. Тэд өөрт ноогдох юмаа алдсан төдийгүй, хэдэн жилийн горьдлого хүсэл эрмэлзэлээ дээрэмдүүлсэн хүмүүс.
Өөрөөр хэлбэл ЖДҮ мөнгө бол тэмдэгтэй мөнгө. Яг хулгай луйвар илрүүлэхэд цагдаагийнхан хэрэглэдэг шиг ард түмэн тэмдэг тавьсан мөнгө. Хулгайч нарын чумдаанаас тэмдэгтэй мөнгө гарчээ.
АВРАГЧИД
Монгол Улс яг үнэндээ сүүлийн гурван зуун жил өөрийн гэх удирдлагагүй явж иржээ. Гол чиглэл хандлага концепцийг эхэндээ Манжийн төр, дараа нь Зөвлөлт төр гаргаж өгөн чиглүүлэн авч явав. Өөрснөө толгой даан шийддэг зүйл гэвэл орон нутгийн асуудал, хүн хоорондын найраа болон өсөрхөл гомдлыг тайлах асуудал. Гэхдээ л үндэстний хувьд, бие даасан улс орны хувьд даваад л гарсан юмдаг.
1990 он бол бүх асуудлаа өөрснөө шийдэж эхэлсэн түүхэн шинэ хуудсын эхлэл. Хуучин эзэн тоохоо больсон төдийгүй байгааг нь мартчихсан. Ингээд л толгой даан асуудлаа өөрийн дураар зохицуулдаг хоёр сая орчим нэгжтэй болох нь тэр. “Эвтэй байхдаа хүчтэй” гэсэн афоризм уриа гаргаад ч нэмэр болсонгүй. Ерөөсөө ч түүхийн турш нүүдэлчид хоорондоо эвтэй байж үзээгүй. Харин ч эвдрэлцэн муудалцаж байсан нь энэ улс орныг оршин тогтнуулсаар өдий хүргэсэн гол механизм нь байх. Эвдрэлцэл дооз нь хэтэрч ёроолдоо тулахаар төрийн механизмд гэнэтийн цочмог өөрчлөлт гарч дараагийн үе шатандаа орно, дорой буурай ард түмний дараагийн олон жил цааш оршин тогтнох шинэ гаргалгаа буй болно. Үүнийг түүхийн маш олон жишээгээр батлан харуулж болно. Сонсоход жаахан гаж, доромж, гуйвуулга юм шиг авч тааламжгүй бодит үнэн. Улс орноо, төр удирдлагаа авч явах талаар үндэстэн болгон өөрийн уламжлал, арга барил, тогтсон буюу шалгарсан механизмтай байдаг. Тийм нь үлддэг. Чадаагүй нь мөхдөг. Хүний түүх ийм жишээгээр баялаг.
1990 онд дэлхий даяар коммунист тогтолцоо нуран унасан. Үүнд монголчууд ч хамрагдсан. Гэхдээ системийн эсрэг, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн тогтолцооны төлөө байгаагүйгээрээ Зүүн Европын орнуудад өрнөсөн хөдөлгөөнөөс эрс ялгагдаж байв. Монол дахь “ардчилсан хөдөлгөөн” ердөө л Зөвлөлтийн дарангуйллыг эсэргүүцсэн цэвэр үндэсний шинж чанартай байв. Тэд социализм коммунизмыг эсэргүүцээгүйгээр барахгүй тэр тогтолцоог улам төгөлдөржүүлж жинхэнэ ленинизмд нь оруулахыг уриалж байсан. Бүхий л жагсаал цуглаан гагцхүү Зөвлөлтийн илэрхий дарангуйллыг шүүмжилж өнгөрсөн түүхээс зөвлөлтүүд ямар хядлага аллага хийн түүх соёлыг нь устгасан тухай яриа байлаа. Үүнийг нотлоод байх юмгүй, яагаад гэвэл дөнгөж өчигдөр болсон үйл явдал учраас бүхий л баримт бичиг нь хуучраагүй төдийгүй өч төчнөөн амьд гэрчүүд одоо ч байсаар байна. Ардчилсан тогтолцооны тухай ойлголт үйл хэрэг өрнөн гүнзгийрэх явцад хожим нь аяндаа төлөвшин тогтсон билээ.
Толгой даах болсон монголчууд ардчиллаас хойших 30 жилд үнэндээ ерөнхий бодлого барин чиглүүлэх төвлөрсөн удирдлагагүй болсон. Хэдэн толгой байна төдөн чиглэл зааж байв. Төр нь тогтворгүй болохын хэрээр чиглэл бодлого нь тэр хэмжээгээр эрс өөрчлөгдөнө. Ийм хаос тогтолцоонд ганц хүчээ авч хөгжих “бодлого” нь популизм байдаг. Популизм тийм ч удаан насалж чаддаггүй, дороо баригдана. Популизмаар түр зуур эрх мэдэлд хүрч болох авч хэрэгжүүлэх бололцоогүй болохоор цагийн аяс даадаггүй.
Өнгөрсөн гучин жилд төрсөн “аврагчид”ыг тоолж барахгүй. Ердийн мэхчин гохчин, лам хувраг, бөө удган, хулгайч дээрэмчин, шинжлэх ухааны нэр баригчид… Уг нь хаана ч ийм үзэгдэл байдаг, даанч цөөн хэдэн монголчууддаа дэндүү олдсон аврагчид л арай дэндсэн. Эд бүхнийг давж гарсан аврагчид бол улстөрчид юм. Төрийн эрх мэдэлд гарч ирсэн аврагчийг “улстөрч” л гэж нэрлэхээс яана гэхэв. Тэд авраад л байдаг авраад л байдаг… сүүлдээ хүмүүс залхсан.
Аврагч нарт итгэл алдсан монголчууд нураагч хүсдэг болжээ. Нийгэм бузартсан гэж үзэх болсон тул энэ муу муухайг юутай хээтэй нь, муутай сайтай нь нураагаад хаях Эрлэг хүсэх болов. Нураагч бол амгалан төрхтэй лам царайтай бодь нэгэн биш, нураалгаж байгаагаасаа огт ялгаагүй догшин зэрлэг мангас байх ёстой. Хуучин сүсэгтнүүдийн дунд хутагт гэгээдийн нэг нь айлдсан гэх “Хортныг дарагч бурхад номхон дүрээр үл залрана” хэмээх аман лүндэн буй. Номхон биш гэдэг нь ойлгомжтой байсан Женког ч гэсэн хортныг дараад өгөх, дарахаа байг гэхэд самраад өгдөг болуу гэж Ерөнхийлөгчөөр сонгосон шалтгаан энэ. Гэвч тэр нураагч юм гэхэд урьдын бүх аврагчдын нэгэн адил. Урьд нь бүх аврагчид нураагчид байсан, гэхдээ өмнөхөө нураана уу гэхээс суурь хөндсөн нэг ч хүн байхгүй.
АВРАЛ ДАГУУЛАХ НУРААЛТ
Шүмпитэрийн тэрхүү гайхамшигт зохиолыг “Бүтээлч сүйтгэл” ч гэж орчуулдаг. Хуучирсан, үеэ өнгөрөөсөн, ашиг өгөхөөсөө хор болсон зүйлсийг нурааж байж дэвшилд хүрдэг гэж тэр хэлсэн юм. Нураана гэхээрээ л түймэрдээд л, алж хядаад л, бүгдийг нь сүйтгэнэ гэсэн үг биш л дээ. Хэрэггүй болгоныг хуу цэвэрлэнэ гэсэн үг. Хүмүүс консерватив байдаг. Тэр дундаа монголчууд атаа хорсол, хоорондын тэмцэл, надад үгүй бол хэнд ч хэрэггүй болгоод хаясан нь дээр гэсэн унаган зөн совиноороо гойд хүмүүс. Энэ саадыг давахын тулд мэргэн ухаантан гэхээсээ зүрх зоригтой, туйлбартай хүн л чадна.
Манай нийгэм тийм баян биш ч гуйрамч биш. Олон үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг, яг адагт очсон үзүүлэлт ховор. Бидний урд 100 улс жагсдаг ч ард бас 100 орон хоцордог. Монгол бол дэлхийн дундаж л орон. Ямар ч үзүүлэлтээр. Өнгөрсөн 100 жилд гайхамшигт дэвшил үзүүлсэн цөөн орны нэг. Монголчууд бүхий л түүхийнхээ туршид анх удаа хамгийн “цатгалан” байгаа үе нь өнөөдөр. Сүүлийн 30 жилд амьдралын түвшин нь бараг өөр хаана ч байгаагүй хурдацаар дээшилсэн. Үүнийг нотлоход төдий л түвэгтэй биш.
Гэтэл магадгүй бүхий л түүхийнхээ хугацаанд хамгийн гомдолтой, сэтгэл дундуур, уур хилэнтэй, байгаа бүхнээ харлуулан гутарч буй үе нь одоо. Яагаад гэвэл нийгэм шударга бус байгааг бүгд харж байна.
Хүмүүс өлссөндөө уурлаад байгаа юм биш, нэг хэсэг нь огт хөдөлмөр хийлгүйгээр цамцандаа багтахгүй болтол таргалж буйд хилэгнээд байгаа юм. Нүүдэлчдийн уламжлалт ёс суртахуунаар бол ерөөсөө ингэж болохгүй гэдэг хэмжүүрээр биш, энэ яагаад завшаад байгаа мөртлөө надад юу ч олдсонгүй вэ гэсэн шалгуураар шударга ёсыг хэмжин бухимдаад байгаа хэрэг.
ЖДҮийн шуугиан бол бүтээлч нураалт хийх бас нэгэн бололцоо гаргаж ирж байна. Учир нь юм явж явж ёроолдоо хүрч байж л нуран унаж цоо шинэ дэвшилтэт түвшинд очих бололцоотой болдог. Бид ёроолдоо бараг хүрч байх шиг. Үүнээс цааш ёзоор бараг байхгүй боллоо. Одоо л сууриа эвдэж байшингаар бол хундаамаа дахин дахин шинэчлэх бололцоо. Яагаад гэвэл хүмүүс аврагчдад ч, нураана гэж сүржигнэгчдэд итгэхээ больжээ.
Бөөн шуугиан дунд хуучин болон шинэ аврагчид нүд нь гялалзан ариун онгоноороо гайхуулцгаахаар уралдах боллоо. Юун түрүүн Энхбаярын болон Эрдэнийн намынхан дахин аврагчаар тодрохоор дэвж шаваад сүйд.
Бидэнд одоо суурийг нь хөдөлгөх нураагч байна уу? Тэр нураагч юун түрүүн олон түмэнд “жинхэнэ нураагч мөн” гэсэн имижтэй байх ёстой. Хэнд ч итгэхээ больсон олон түмэнд тийм хүн харагдахгүй байна. Жинхэнээр нь суурийг нь нурааж магадгүй хүн гэж Хүүкийг л харж магадгүй. Өчнөөн дайралтад өртсөн ч тэрээр МАХН гэсэн хувьсгалч нэрээс “Х”г хасч чадсаныг хүмүүс мэднэ. Энэ нь эцэстээ оновчтой шийдэл болсон. Тэрээр бараг л хулигаан, пааранд хүлж байгаад зодчихдог ч гэсэн яриа бий. Шаагаад л унагаж байхыг нь хүмүүс зурагтаар харсан. Хунвэй шиг толгойгоо дазыбаотой цагаан туузаар ороочихоод нударга зангидан харайлгаж явсныг нь ч санаж байгаа. Ийм л хүн дотроо итгэл үнэмшилтэй бол суурийг нь унагаж чадна. Бидэнд өнөөдөр мэргэн түргэн хүн гэхээсээ зүрх зоригтой, хийвэл айдаггүй, хариуцлагаа хүлээж чаддаг атамаан хэрэгтэй. Тэгээд нийтийг хамарсан хулгай дээрэмд холбогдоогүй бол болох нь тэр.
Хүүк ЕС болоод жилийн нүүр үзлээ. Нефтийн байгууламжийн шав тавиад цийлэгнүүлж ч байх шиг, эх орны бүтээл автобус унаад мишээж ч байх шиг. Зохихгүй юм бахархмаар гэхээсээ инээдтэй. Урьд нь аврагчид цөмөөрөө л тэгдэг байсан шүү дээ. Хүүкийн бурханлаг буянлаг энэ дүрийг биш, харин хоёрын хоёр сайдаа хусаад хаяж байгаа нь олон түмэнд илүү таалагдсан. Түүний олон түмэнд ойлгогдсон имиж энэ. Чухам тэрэнд нь л итгэдэг. Нийгмийг бухимдуулаад байгаа авлига хээл хахууль, үндэслэлгүй баяжилт хаанаас эхтэй юм бэ? Тэд төрийн гэгдэх эх сууриас л тонуул хийдэг.
Төрийн харьяалалтай аж ахуйн нэгж, ард түмнээ харж үзсэн хайр халамж, ЖДҮ маягийн хөнгөлөлттэй зээллэг, үнэ тогтоворжуулах “хөдөлгөөн” гэгч, халамж, харж үзэлт, эх орны хишиг, үндэсний үйлдвэрлэл хөгжүүлнэ нэрийн дор ямаанаас яндгар хүртэл дэмжих “найраа”, түмнээ хайрласан “үндэслэлтэй” төсвийн бүтэц. Тэнд “үүгээр далимдуулж юм хусъя” гэсэн нэг ч илт заалт байхгүй. Бөөн л эх оронлог, ард түмэнлэг хучаас. Тэднийг тэжээдэг юм нь ердөө л тэр. Энэ л манай нийгмийн шударга бус гэгдэх суурь орогнол.
Хэтэрхий дийлэнх нь хулгайд нөмрүүлээд дандаа алдагдалтай “ажилладаг” 120 гаруй төрийн аж ахуйн нэгжийг хаахгүй юу. Яадгийн, хэдэн хоног тоггүй л байна биз. Оюутнуудаа харж үзээд 100 мянган төгрөг сар болгон өгөхөөр хуулийн төсөл дэвшүүлсэн гээд нэг гишүүн авгай олон нийтийн сүлжээгээр гайхуулаад л байна билээ, “хол очиж хуц” гэж хэлээч. Сурагчдын өглөөний цай 600 төгрөг төсөвлөсөн чинь дөнгөж 200 нь хүүхдэдээ очиж байна, иймээс 1800 болгож өдрийн хоол хэмээвэл 600 төгрөг нь хүүхдэдээ очих юм байна гэсэн төсөв санаачлагсдыг пааранд хүлж байгаад зодооч дээ. Хүүхэд төрүүлчихээд хооллож чадахгүй улсаас мөнгө нэхээд байвал хохь чинь шүү гэж хэлээч дээ. Хулгайч нарын өөрийнх нь хүсэлтээр огцуулж байхаар өөрийнх нь хүсэлтээр шоронд хийгээч дээ. Үндсэн хуулиа өөрчлөхөөр жаргана гээд байгаа монцгоруудыг байгаа Үндсэн хуулийг санаатайгаар зөрчсөнийх нь хувьд хөөж далд оруулаач дээ. Эх орныхоо төлөө хэн нэг эрх мэдэлтний хөлсөөр хөрөнгө оруулагчдыг хөөж тууж байгаа эх орончдыг биш, тэднийг ашиглаж хүний юм булааж байгаа цаад захиалагч эздийг нь шүүхийнхэнд хахууль өгч байгаад ч хамаагүй илчлэн шорон руу илгээгээч дээ. Бусдад буруу үлгэр дуурайл үзүүлээд байгаа “цүнх баригч” нялхсыг нэг нэгээр нь дуудаж авчраад нармайг нь нээгээч дээ. Цаазаар авна гэж байхаар өмдийг нь шувтлаад “анги хэсүүлээч”. “Хулгайчийн байх газар зөвхөн шорон” гэсэн уриаг лоозогноод бүх хүнд цээжлүүлээч.
Энэ болон төстэй олон зүйл бол манай аврагчдын нураах байтугай гар хүрэхээс цээрлэдэг юмс. Учир нь энэ механизм өөрсдөд нь ашигтай, эндээс тэжээгддэг. Нэрт эдийн засагч Эрнандо дө Сото Монголд ирж судалгаа хийгээд “Зөвхөн Улаанбаатарын гэр хороололд эргэлтэд оруулбал 7 тэрбум долларын хөрөнгө байна. Танай удирдлагуудад энэ тухай хэлэхэд надаас илүү сайн мэдэж байна. Гэвч хийх хүсэл тэдэнд алга. Энэ бол ядуу орнуудын хувьд тун түгээмэл үзэгдэл. Дэлхийн олон ядуу орны удирдагчидтай би уулзсан. Ядуурлын шалтгаан хаана байгааг тэд сайн мэддэг ч байгаа байдал нь өөрсдөд нь ашигтай учраас хөндөх дургүй байдаг” гэж ярьсан.
Шударга бустай үзэж тарахын тулд ард түмнээс дэмжлэг хүсч яагаад болохгүй гэж. “Ард түмэн та нар л дэмжихгүй бол би эргэн тойрныхоо хулгай луйврыг дарж хүчрэхгүй байна” гэхэд ч манайхан өөр л хандана даа. Учир нь Хүүкийг одоо болтол “нураая гэснээ нураагаад хаячих залуу” гэж харсан хэвээрээ л байгаа юм. Хэрвээ тэр хөдлөхгүй бол ард түмэн дараагийн нураагчаа эрж эхлэх байх л даа. Тэр нь хэзээ ч төрөө билээ? Хэрвээ Хүрэлсүх өнөөдөр л зориглохгүй бол “хүрэл” хэвээрээ үлдэж хөгийн царайлсан хуурмаг аврагчдын жагсаалт нэмэгдэнэ.
Эрх мэдлийнхээ хүрээнд иймэрхүү “Зоримог гэе л дээ” ажил ундруулахад бөөн эсэргүүцэл гарах боловч хожмын үе талархах л болно. Өнөөдөр ард түмэндээ долигонож “алив хошногоо, нэг сайхан долоогодохъё” гэснээс хавьгүй урт настай байх болно. БҮТЭЭЛЧ СҮЙТГЭЛ-АВРАЛЫН НУРААЛТ!!!
Эдийн засгийн хямралаас гарахын тулд “шударга бусын хямрал”аас эхлээд гарцгаая, цалин нэмэхээс өмнө цалинд явах ёстой төсвөөс хийдэг хулгайг эхлээд зогсооё гэвэл ардууд уухайлаад л дэмжинэ дээ.
Дээр хэлсэн дээ, “өлссөндөө, ядуу байгаадаа уурлахаас илүү ШУДАРГА БУС явдалд нийтээрээ бачимдаад байгаа юм аа” гэж.
2018 оны 11 сарын 3