Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журмыг баталлааЭх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг үндэслэн тэтгэмж олгох журмыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа.
Жирэмсэн эхийн тэтгэмжийг жирэмсний таван сартайгаас төрөх хүртэлх хугацаанд сар бүр 40 мянга, 0-3 хүртлэх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг сар бүр 50 мянга, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая, 3 ба түүнээс дээш ихэр хүүхдэд нэг удаа хүүхэд тус бүрт 3 сая төгрөг байхаар тогтоож, журмыг хэрэгжүүлж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Хуулиар гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг улиралд 240 мянган төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгох юм.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 3 хүртэлх настай хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн хамгааллын хуулийг батлан хэрэгжүүлнэ гэж тусгасны дагуу УИХ-аас энэ оны зургаадугаар сард Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс дагаж мөрдөх юм.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгууллаа
Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг байгууллаа.
Стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, үйл ажиллагааг нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэхийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгав.
Ингэснээр эрүүл мэндийн даатгалын хариуцлагатай, үр ашигтай байгууллага бий болж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанаржина тай гэж үзэж байна.
Дээрх байгууллага даатгуулагчийн эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, нотолгоонд үндэслэсэн, чанартай, аюулгүй, тэгш, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэж, даатгал нь харьцангуй бага зардлаар илүү үр ашигтай, шуурхай ажиллах боломжтой болно гэж Эрүүл мэндийн яам тооцоолжээ.
Амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоно
БНХАУ-ын Учо хотод зохиогддог олон улсын циркчдийн уралдаанаас алтан медаль хүртсэн Монгол циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчдэд 52 сая төгрөг, ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Е.Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн залуу дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн дуурийн дуучин Э.Анхбаярт 24 сая төгрөг, АНУ-ын IBLA сангаас зохион байгуулдаг Барток Кабалевский Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн суралцагч М.Заяа, Д.Сувд, Г.Энхцаг, Г.Итгэлтөгс, Н.Цогт, Г.Анар нарт тус бүр 14 сая төгрөг, гуравдугаар байр эзэлсэн суралцагч Б.Есүйд есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.
Товч мэдээ
- Соёлын өвийг хамгаалахад идэвх, санаачилгатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журмыг баталлаа.
- Тусгай зориулалтаар 2018 онд угалз 60, тэх 75, халиун буга 32, бор гөрөөс 10, зэрлэг гахай 10, цагаан зээр 100, агнуурын шувуу 500 хүртэл толгойг агнуулах, тул загас 450 хүртэл толгойг барьж буцаан тавихаар, бусад загас 10 мянга хүртэл толгойг агнуулахыг зөвшөөрөв.
- Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд ОХУ-ын Сочи хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн XVI хуралдаанд оролцсон дүнгийн талаар танилцуулж, хуралдааны мөрөөр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Гадаад харилцааны сайдад даалгав.
- “Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон уг хэлэлцээрийн хүрээнд байгуулах “Санхүүгийн тусламжийг хэрэгжүүлэх протокол”-ын төслийг дэмжин, хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын Захирамж гаргахаар тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.