УИХ-ын гишүүн Я.Содбаатараас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ долоо хоногт Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэнэ гэж байсан ч хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй байна. Ямар шалтгаанаар хассан юм бэ?
-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Оюутолгойн ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан. Гэхдээ ажлын хэсгийн зарим гишүүн дүгнэлт дээр гарын үсэг зураагүй байгаа. Мөн дүгнэлтийг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцээгүй байхад Оюутолгой компанид ажлын хэсгийн дүгнэлтийг хүргэсэн гэсэн асуудал гарсан. Нэгд, УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүдэд нууцын тамгатай зарим материал нэмж ирсэн. Энэ материалуудтай гишүүд танилцах хугацаа олгох ёстой. Хоёрт, ажлын хэсэг дотроо ойлголцох хэрэгтэй байна. Учир нь зарим гишүүн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа. Гуравт, Оюутолгойн дүгнэлт гаргаж байгаатай холбогдуулаад холбогдох бусад байгууллагаас зарим нэг материалыг нэмж өгч байгаатай холбогдуулаад ажлын хэсгийн дүгнэлтийг байнгын хороогоор хэлэлцэх асуудлыг түр хойшлуулсан. Гэхдээ энэ асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэнэ.
-Татварын багц хууль дээр Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа. УИХ хоригийг хүлээж авах ёстой юу?
-Татварын багц хуулийг өнгөрсөн жил Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Хоёр чуулган дамжин хэлэлцэн баталсан. Ер нь бол хуулийг хэлэлцэж байхад Ерөнхийлөгчөөс тодорхой саналууд ирсэн. Энэ саналуудыг бүгдийг оруулсан гэж бодож байна. Ямар ч байсан нэгэнт хориг тавьсан учраас УИХ хэлэлцэн шийдвэр гаргана. Ирэх долоо хоногийн бүлгийн хурлаар хэлэлцэх байх. Гаднын хөрөнгө оруулалттай томоохон аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж магадгүй юм биш үү. Тиймээс энэ аж ахуйн нэгжүүдийг харж үзнэ үү гэдэг ерөнхий агуулга явж байна гэж ойлгосон. Тиймээс үүнийг хэлэлцүүлгийн явцад сайжруулаад явна гэж бодож байна.
-Хориг хэлэлцэх хугацаатай байх. Энэ долоо хоногт хэлэлцэхгүй юм уу?
-Хориг хэлэлцэх хугацаатай. Ирэх долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэнэ. Ер нь бол татварын хуулиар хэд хэдэн асуудал шийдэгдсэн. Нэгд, аж ахуйн нэгжүүдийн татварын тайлан гаргалт, татварын өр төлбөр, хувь хэмжээтэй холбоотой нэлээд хөнгөлөлт өгсөн хуультай болсон. 300 сая төгрөг хүртэлх аж ахуйн нэгжийн татварыг нэг хувь болгосон. 1.5 тэрбумын борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн татварыг 100 хувь аваад 90 хувийг нь буцаан олгох татварын орчинтой болсон. Мөн татварын тайланг хялбарчилсан татварын системд оруулж жилд хоёр удаа тайлан гаргадаг болох гэх мэт олон дэвшилттэй заалтууд орсон. Тиймээс хоригийн асуудлыг яаралтай хэлэлцээд хуулийн хэрэгжилтийг хангах ёстой гэж үзэж байгаа.
эх сурвалж: itoim.mn