Засгийн газрын ээлжит хуралдаан болж, төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэр гаргасан талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ.
~Эмч нарын цалинг 122-270 мянган төгрөгөөр нэмнэ~
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл,
“Эмч нар цалингийн нэмэгдлээ хүлээж байсан. Эмч нарын цалингийн шатлал 4, 5 гэсэн ангилалд байгаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар эмч нарын цалингийн шатлалыг ахиулж, 6, 7 шатанд хүргэх шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, эмч нарын цалинг хоёр болон гурван шатлалаар нэмэх боломжтой боллоо. Ингэснээр эмч нарын цалин 21.3-47.1 хувиар нэмэгдэж байна. Мөнгөн дүнгээр тооцвол 120-270 мянган төгрөгөөр нэмэгдлээ.
Мөн эмнэлгийн бусад ажилчид буюу сонсгол засалч, дүрс оношилгооны техникч, хоол зүйч, эм найруулагч, сэргээн засахын мэргэжилтэн, эмгэг судлалы туслах ажилтан, эрүүл мэндийн мэдээллийн техникч нарын цалингийн шатлал нэмэгдээгүй байсныг сая Засгийн газрын хуралдаанаар нэмэхээр шийдвэрлэлээ.
Мөн түргэн тусламжийн төвийн 511 жолооч нар 400 гаруй мянган төгрөгийн цалинтай байсныг хоёр дахь шатлал руу оруулж, 142.928 төгрөгөөр нэмэгдүүллээ.
Ингэснээр нийтдээ эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 8696 хүний цалин нэмэгдэж, шатлал ахиж байна. Цалингийн хэмжээ 696-844 мянга хүртэл нэмэгдэж байгаа бөгөөд үүн дээр ажилласан жил, илүү цаг, ур чадварын урамшууллыг тооцвол эмч нарын цалин нэг сая төгрөгөөс давж байна”
гэлээ. Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаас эмч нараас гадна бусад төрийн албан хаагчийн цалинг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна.