Нүүр хуудас Улс төр Сайд Н.Цэрэнбат НҮБ-ын Байгаль орчны III ассамблейд оролцов

Сайд Н.Цэрэнбат НҮБ-ын Байгаль орчны III ассамблейд оролцов

229
0

НҮБ-ын Байгаль орчны III ассамблей Бүгд найрамдах Кени улсын Найроби хотноо энэ сарын 4-6-йны өдрүүдэд боллоо. Чуулганд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат оролцож, хэд хэдэн ажлыг эхлүүлэхээр болсон байна. Тэрбээр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Эрик Солхайм, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч, Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын холбооны Нарийн бичгийн даргын газрын дарга Хэлена Валдес болон НҮБ-ын гишүүн орнуудын байгаль орчны сайд, дэд сайдууд, олон улсын байгууллагын удирдлагуудтай уулзан олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцож, хамтарч ажиллахаар болсон байна.

Тодруулбал, Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын холбоотой хамтран Улаанбаатарын утааны асуудлыг шийдэхэд мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтарч ажиллахаар болжээ. Мөн өнгөрсөн 9 дүгээр сард Монгол Улсын нэгдэн орсон “Эрүүл агаар амьдралын үндэс” олон улсын санаачлагын албан ёсны нээлтэд оролцож, хэвлэлийн бага хурал хийжээ. Энэхүү санаачилгад нэгдэн орсон анхны улс нь Монгол гэдгээрээ БОАЖ-ын сайд уг үйл ажиллагаанд голлох байр суурьтай оролцсон байна.

Энэ удаагийн чуулганы онцлог нь НҮБ-ын гишүүн орнуудын Засгийн газар тогтвортой, ногоон санхүүжилтийг татах асуудлыг төр хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлан шийдэхээр болсонд оршино. Чуулганы хуралдаанд НҮБ-ын гишүүн орнуудын байгаль орчны салбар хариуцсан сайд, дэд сайд нар тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд бусад улстай бүсийн хэмжээний үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах, бохирдолгүй эх дэлхийн төлөө ямар арга хэмжээ авч ажиллах төлөвлөгөөгөө танилцуулсан байна.

Үүнтэй уялдуулан чуулганд оролцсон улс орнууд бүхий л төрлийн хог хаягдал, бохирдлоос хүн ардынхаа эрүүл мэнд, улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулах, химийн, хорт болон аюултай бодисын хэрэглээг бууруулах, орлуулах боломжийг эрэлхийлэх үүрэг хүлээсэн юм. Үүний тулд биологийн олон янз байдал, экосистем, агаар, хөрс, ус, ой болон уулархаг газар нутгуудын онцлогт тохирсон шинэ аргачлал шийдлийг тодорхойлж, хэрэгжилтийг хангах ажиллах ёстой гэдэгтэй чуулганд оролцогсод санал нэгджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here