Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (201.02.02) хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хороо өнгөрсөн Мягмар гарагийн (2018.01.30) хуралдаанаараа дээрх төслийг хэлэлцсэн бөгөөд санхүүжилтийн “Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл”-ийн задаргааг ажлын хэсэг дахин авч үзэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэлэлцүүлгийг түр хойшлуулсан юм.
Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Л.Оюун-Эрдэнэ, Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, Л.Болд нар 2 хувийн хүүтэй 25 жилийн хугацаатэй, эхний 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх сайн нөхцөлтэй зээл гэдгийг тэмдэглэж байв. Монгол Улсын өрийн хэмжээг нэмэгдүүлж байгаа, эргэн төлөх зээлийн төсөв хөрөнгийн зарцуулалт, үр өгөөжид анхаарах шаардлага бий. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжийн банктай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч санхүү, хөдөө аж ахуй, санхүү, боловсрол, нийгмийн салбаруудад хамтран ажиллах хүрээнд 2017-2018 онд 468 сая ам.долларын санхүүжлтийн талаар ярьж буй.
Үүний дунд Монгол Улсын тогтвортой аялал жуулчлалыг дэмжих 38 сая ам.долларын санхүүжилт бүхий төсөв байгаа бөгөөд энэ төслийн төсвийн хуваарилалтын талаар гишүүд тодорхой саналуудыг хэлж байсан юм. Монгол Улсын Засгийн газрын 142 дугаартай, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан тогтоолоороо “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрт “Мянганы суут хүн Их Эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний паркыг Хэнтий аймагт байгуулах, дэлхийн өв-Орхоны хөндийн аялал жуулчлалын үндэсний парк байгуулах, Өгий нуурын экосистемийн тэнцвэрийг хадгалах, хамгаалах аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Хөвсгөл аймагт нутгийн иргэдэд түшиглэсэн байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын цогцолбор байгуулах гэж заасан. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн “Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл”-ийн төсвийг зарцуулахаар хуваарилсан байсан. Үүнийг өөрчилсөн нь буруу бөгөөд анх төлөвлөсний дагуу төслийн төсвийн хуваарилалтыг хийх нь зүйтэй гэдэг байр суурийг гишүүд илэрхийлсэн юм.