~Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг эрчимжүүлнэ~
Төрийн өмчийн 51-ээс доошгүй хувийн оролцоотой “Тавантолгой төмөр зам” компани байгуулахаар шийдвэрлэлээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар тус компанид олгохоор болов.
Төмөр замын ажлыг үргэлжлүүлэхэд шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг нүүрс урьдчилан борлуулах гэрээ байгуулан санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд зөвшөөрлөө.
”Тавантолгой төмөр зам” компанийн төрд ногдохоос бусад хувьд хөрөнгө оруулах этгээдийг урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дамжуулан тээвэр хийх боломжтой гадаадын хөрөнгө оруулагчдаас судлан хэлэлцээ хийж, үр дүнг энэ онд багтаан танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 орчим км урт төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая хүртэл тонн нүүрс экспортод гаргах боломж бүрдэнэ.
“Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээ төмөр замаар тээвэрлэх өртөг найм орчим ам.доллараар буурах бөгөөд автозамын тээврээс дөрөв дахин /20-25 ам.доллараар хямд/ бага зардлаар хөрш орнууд болон гуравдагч зах зээлд хүргэх юм.
Төмөр замыг даган орон нутагт ажлын байр нэмэгдэж, байгаль орчны доройтол, тоосжилт, дуу шуугиан, хөрс, агаарын бохирдол ч буурна гэж тооцоолж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд 278 сая ам.доллар зарцуулсан ч санхүүжилтгүйн улмаас 2015 оноос хойш ажил зогсоод байгаа юм.
Цаашид “Эрдэнэс Тавантолгой” компани 200 хүртэл сая ам.долларын хөрөнгө оруулах боломжтой бөгөөд 49 хувийг гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгохоор төлөвлөөд байна. Төмөр замыг барьж дуусахад 790 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.