~Туршилтын төслүүдийн үйл ажиллагааг яаралтай эхлэх хэрэгтэй гэв~
Аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулсан гэрээний хавсралтад тусгасан ажилгүйдлийн түвшинг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэх зорилтууд, шинээр бий болгох ажлын байрны тоо, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, жижиг зээл олгох арга хэмжээний хэрэгжилтэд дүгнэлт хийж,
энэ оны үлдсэн хугацаанд шахаж ажиллах нь хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төрийн үйлчилгээ үзүүлж буй байгууллага хамт олны нэн тэргүүний үүрэг бөгөөд үүний тулд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн хөтөлбөр, арга хэмжээ, үйлчилгээний хэрэгжилтийг эрчимжүүлж, иргэдийг татан оролцуулах чиглэлд анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг хэлсэн.
Тэрбээр шинээр хэрэгжүүлэх “Гэрээт малчин өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын төсөл” болон “Зохион байгуулалттай ажлын байр туршилтын төсөл”-ийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлэхийг аймаг,
дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгож дээрх туршилтын төслүүдэд хамрагдах хүсэлтэй иргэд, гэр бүл, малчин ажил олгогчийн судалгааг яаралтай гаргаж ХХҮЕГ-т нэгтгэх хугацаатай үүрэг өглөө.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлдэг жижиг зээлийг ХААН болон Төрийн банкаар гэрээлэн олгох шийдвэр гарч, гэрээ байгуулсан тул зээлийн үйл ажиллагааг орон нутагт сурталчилж, олгож эхлэхийг ч анхааруулсан.
Орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ тухайн аймаг, дүүрэгт буй Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагатай нягт хамтран ажиллах нь зөв гэдгийг С.Чинзориг сайд хэлсэн үгэндээ онцолж байлаа.