Өнөөдөр буюу гуравдугаар сарын 20-нд болсон Засгийн газрын хуралдааны үеэр “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа. Хөтөлбөр богино болон дунд хугацааны гэсэн хоёр үе шаттай байх бөгөөд дунд хугацааны хөтөлбөр 2021 он хүртэл хэрэгжих юм.
Хөтөлбөрийн хүрээнд айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын түүхий нүүрсний хэрэглээг бүрмөсөн хориглох бөгөөд ингэснээр агаарын бохирдлын эх үүсвэр 80 хувь, агаар дахь тоосонцор, хүхэрлэг хий 50-иас доошгүй хувь буурна хэмээн тооцоолж буй.
Агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөл 2005 онд 10 мянган хүн тутамд 697 байсан нь 2014 онд 1730 болж бараг гурав дахинөссөн үзүүлэлттэй байгаагаас гадна жирэмсэн эхчүүдэд агаарын бохирдол сөргөөр нөлөөлж, ураг зулбах, дутуу төрөх, хүүхдийн жин буурч байгаа нь судалгаагаар батлагджээ. Тиймээс зорилтот бүлгийн боловсруулсан түлш, зуухаар хангах ажлыг ирэх арваннэгдүгээр сард хэрэгжүүлж дуусгахаар богино хугацааны буюу 2018 он хүртэлх хөтөлбөрт тусгаад байгаа аж.
О.Ундармаа