Нүүр хуудас Улс төр Төрийн дум болон Холбооны зөвлөлийн дарга нартай уулзлаа

Төрийн дум болон Холбооны зөвлөлийн дарга нартай уулзлаа

183
0

ОХУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын орлогч дарга, парламент дахь “Нэгдмэл Орос” намын бүлгийн дарга В.А.Васильев, Төрийн Думын дарга В.В.Володин, Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай уулзлаа.

Уулзалтуудын үеэр УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны хооронд тогтсон олон жилийн түүхтэй, уламжлалт, найрсаг харилцааны үр ашгийг дээшлүүлж, боломж нөөцөө сайтар ашиглан, илүү өндөр түвшинд хөгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэж байв.

“Парламент хоорондын харилцаа сайн хөгжиж байна. Энэ харилцааг гүнзгийрүүлж, аймаг, орон нутгийн хурлын болон хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай гэж бид үзэж байгаа. Харин худалдаа, эдийн засгийн харилцаа санаснаас доогуур байгаа. Тухайлбал, 2016 оны эхний 10 сарын байдлаар манай нийт гадаад худалдааны дөнгөж 11 орчим хувь нь ОХУ-д ногдож байна. Хөршүүдтэйгээ хийх худалдаанд тэнцвэрийг бий болгох нь бидэнд чухал. Монголоос ОХУ-д экспортолж байгаа бараа бүтээгдэхүүний хэмжээ 20 орчим хувьтай байна. Хэдийгээр тарифын болон тарифын бус хүндрэл бэрхшээлүүд байгаа боловч одоогийн түвшнийг ахиулах, өмнө байсан түвшинд хүргэх, түүнээс илүү өргөжүүлэх шаардлагатай. Ийм боломж, нөөц бидэнд бий. Үүнд хоёр талын хамтын хүчин чармайлт шаардлагатай бөгөөд эрх зүйн талаас нь зохицуулах, татварыг багасгах, бараа таваарын чанарыг сайжруулах, хэмжээг нэмэгдүүлэх зэргээр гадаад худалдааг аль болох хөнгөвчлөх асуудлыг та бүхэн анхааралдаа авна гэдэгт итгэж байна. Хоёр орны хооронд тогтоосон стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны Дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйлсэд парламентуудын зүгээс дэмжлэг түлхэц үзүүлж ажиллах нь чухал юм” гэж хэлэв.

Түүнчлэн томоохон төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, хамтарсан үйлдвэр байгуулах зэрэг стратегийн түвшний хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд зогсонги байдалд орлоо. Энэ талаар та бүхнийг анхаарлаа хандуулахыг хүсэж байна хэмээн онцоллоо.

УИХ-ын дарга М.Энхболд Ази-Европыг холбосон хамгийн дөт зам манай хоёр улсыг дайран өнгөрч байна. Энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Зам харилцаа, дэд бүтцийн бүтээн байгуулалт өрнүүлж ажиллавал үр ашигтай байх болно. Хурдны төмөр зам байгуулах, авто тээврийг хөгжүүлэх талаар “Эдийн засгийн коридор” төслийн хүрээнд санал санаачилга гарч байгаад бид баяртай байна. Төслийн хүрээнд энэ зорилтыг хэрэгжүүлэх сургалт судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах асуудал яригдсан. Энэ талаар та бүхний санаа бодлыг сонсох хүсэлтэй байгаа. Дэмжинэ гэдэгт итгэлтэй байна хэмээв.

Уулзалтуудын үеэр ноён В.А.Васильев, В.В.Володин, В.И.Матвиенко нар эцэг дээдсээс бидэнд өвлүүлэн үлдээсэн найрамдалт, нөхөрсөг харилцааны түвшинг хэвээр хадгалж, цаашид хөгжүүлэх нь бидний зорилго байх ёстой. Энэ үйл хэрэг биднээс, тухайлбал засаг, төрийн эрхийг барьж байгаа “Нэгдмэл Орос” нам, МАН-аас ихээхэн хамаарна гэдгийг онцолж байлаа.

Ноён В.А.Васильев “Хамтын ажиллагааны түвшин чамлалттай байгаатай санал нэг байна. Сайжруулах ёстой. Улаанбаатарт саяхан болсон Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар ойрын үеийн зорилтуудаа хэлэлцэн тохирсон гэж үзэж байна. Эдийн засгийн харилцааг амжилттай болгоход эрх зүйн орчин таатай байх ёстой. Бизнесийнхэнд эрсдэл учрах ёсгүй” гэдгийг онцоллоо.

Тэрбээр “Олон улсын болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцох боломж бидэнд нээлттэй байна. Энэ боломж зөвхөн Евразийн эдийн засгийн комиссоор хязгаарлагдахгүй. Өчигдөр “Нэгдмэл Орос” намтай МАН-ын байгуулсан хэлэлцээр хоёр орны хамтын ажиллагааны цаашдын ирээдүйд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Хоёр орон улс төрийн аливаа асуудлаар бие биенийхээ баримталж буй байр суурийг олон улсын тавцанд дэмжсээр ирсэн. Цаашид ч энэ хэвээр үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал нэгэнт бодитой аюул заналхийлэл учруулсаар байгаа олон улсын терроризмтай тэмцэх тухай асуудлыг энд дурдаж болно” хэмээн онцоллоо.

Төрийн Думын дарга, ноён В.В.Володин ОХУ-ын хууль тогтоох дээд байгууллага Дум, Монголын төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ хоорондын харилцаа амжилттай хөгжиж байна. Гэхдээ парламентын болон улс төрийн харилцаанаасаа эдийн засгийн харилцаа хоцронгуй байгааг хаана хаанаа мэдэж байгаа. Бидний гол анхаарах асуудал бол энэ мөн хэмээн тэмдэглэлээ. Тэрбээр энэ оны эхээр Төрийн Думийн шийдвэрээр их өрийн үлдэгдлийг тэглэсэн асуудал хоёр орны харилцаа, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалтын орчинд шинэ боломж нээж өгсөн гэдгийг онцлов.

Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга хатагтай В.Матвиенко намаа сонгуульд ялуулж, УИХ-ын даргаар сонгогдсонд нь М.Энхболдод баяр хүргээд ОХУ, Монгол Улсын хамтын ажиллагаанд онцгой анхаарч, шинэ дэвшил гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Ийм нүүр тулсан уулзалт, яриа хэлэлцээний үеэр тулгамдсан асуудлуудаа ний нуугүй ярилцах боломж олддог. Уламжлалт харилцаагаа цаашид амжилттай хөгжүүлэхийн тулд бодит үр дүн гаргах хэрэгтэй байна. Үнэнийг хэлэхэд бид монгол нөхөдтэйгээ олон удаа уулзаж, олон асуудал хөндөж ярилцсан. Цөөнгүй тохироо хийгдсэн. Харамсалтай нь үр дүн бага байна. Манай хоёр нам тус тусын сонгуульд ялалт байгуулж, засгийн эрх барьж байгаа. Энэ бол нэг талаар боломж мөн ч нөгөө талдаа маш том хариуцлага юм” хэмээн онцоллоо.

Тэрбээр ОХУ-ын засаг захиргааны субъектууд, Монгол Улсын аймгуудын хооронд хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг өрнүүлэх нь чухал. Бид цаашилбал олон улсын парламент хоорондын үйл ажиллагаанд ч оролцох ёстой гэж нэмж хэллээ.

Хатагтай М.И.Матвиенко Евразийн эдийн засгийн комиссын хүрээнд байгуулсан Ажлын хэсгийн үйл ажиллагаа эхлэл төдийгөөс хэтэрсэнгүй. Түүнчлэн ШХАБ-д Монгол Улсын байр суурийг бэхжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ байгууллагад элссэнээр Оросын, эсвэл Хятадын нөлөөнд орно гэж үздэг улстөрчид танайд бийг би мэднэ. Энэ бол огтхон ч тийм биш. Харин ч танай улсад илүү ашигтай байх болно. Газар зүйн байрлал, эдийн засгийн нөхцөл байдал гээд аль ч талаараа Монгол Улс энэ байгууллагын бүрэн эрхт гишүүн байх боломжтой гэж нэмж хэллээ.

Тэрбээр “Би танд нэг зүйлийг аминчлан хэлье. Манай Засгийн газар, яамд, бизнесийнхний түвшинд монголчууд хэлсэндээ хүрдэггүй, амласнаа хийдэггүй, хариуцлагаа ойлгодоггүй гэсэн дүгнэлт зарим талаар байгаа шүү. Энэ байдлыг халах ёстой. Тэр тусмаа танай нам Засгийн эрх барьж байгаа үед энэ байдлыг засаж залруулан, уламжлалт нөхөрсөг, сайн хөршийн харилцаагаа сэргээн идэвхжүүлэх ёстой гэж би бодож байна. Та бол Улаанбаатар хотын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан, эрх барьж буй намын дарга, асар их туршлагатай хүн. Би сайн нөхрийн хувьд Танд найдаж байна” хэмээн зориуд тэмдэглэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд Евразийн эдийн засгийн комиссын хүрээнд Чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээр байгуулах асуудлыг бид судалж байна. Түүнчлэн ОХУ руу хийж байсан уламжлалт экспортын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Тухайлбал, мах махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний экспорт тарифын болон бусад асуудлаас болоод багассаныг нэмэгдүүлэх зорилтыг бид тавьж байгаа. Үүнд та бүхний дэмжлэг бас чухал гэв.

Төрийн Думын орлогч дарга В.А.Васильевтай хийсэн уулзалтын үеэр “Нэгдмэл Орос” намын Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч С.В.Железняк намынхаа төлөөлөгчдийг ирэх онд Монгол Улсад айлчлуулахаар болсноо хэлээд “Эдийн засгийн коридор” төслийн судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах хүсэлтийг дэмжихээр болсноо мэдэгдэв. УИХ-ын дарга М.Энхболд түүнд талархал илэрхийлээд энэ асуудлыг ОХУ-ын Эдийн засгийн яамаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Тэрбээр Монгол Улсад тохиолдоод буй эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад бага хүүтэй, урт хугацаатай, санхүүжилтийг дэмжсэн хөнгөлөлттэй зээл олгох талаар анхаарал тавих хүсэлтийг Төрийн Дум, Холбооны зөвлөлийн удирдлагуудад хандан тавив. Мөн ойрын үед Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбатыг ОХУ-д албан ёсны айлчлал хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ийнхүү УИХ-ын дарга М.Энхболдын ОХУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар Москва хотоос мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here