Нүүр хуудас Улс төр Удирдагчдын уулзалтад бэлтгэж байна

Удирдагчдын уулзалтад бэлтгэж байна

124
0
ih_gurnii_udirdagchid
АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалтад бэлтгэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалтад бэлтгэх ажлаа эхлүүлсэн тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгдэв.

БНАСАУ-ын удирдагчийн шинэ илгээлт АНУ-ын засаг захиргааны тэргүүнд ирснийг тэрбээр нотолжээ. “Энэ нь их дотно бөгөөд найрсаг захидал байсан.

Агуулгыг нь нийтлэх эрх зөвхөн Умард Солонгосын удирдагчид бий. Ерөнхийлөгчтэй дахин уулзахыг хүссэн нь илгээлтийн гол зорилго байлаа. Бид үүнд бэлэн. Уулзалт зохион байгуулах ажилдаа хэдийн орсон” гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч мэдэгджээ.

“Ким Жөн Уны илгээлт нь хэлэлцээгээ үргэлжлүүлэх, хэдхэн сарын өмнө хийсэн уулзалтаар хүрсэн ахиц дэвшлээ үргэлжлүүлэх, тэрчлэн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход анхаарлаа хандуулах хэвээр болохыг харууллаа” гэж С.Сандерс хэлэв. Шинэ илгээлт нь АНУ найдаж байсан бас нэг ахиц дэвшил гэж тэрбээр үзэж байна.

АНУ, БНАСАУ-ын удирдагчид оны эцсээр дахин уулзаж магадгүй гэж Америкийн удирдагчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Жон Болтон мэдэгдсэнийг “France-presse” агентлаг уламжлав. Тус хоёр улсын Төрийн тэргүүн нарын түүхэнд анхны дээд хэмжээний уулзалт Сингапурт зургадугаар сарын 12-нд болсон.

~АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалтад бэлтгэж байна~

Үүний сацуу БНАСАУ хоёр Солонгосын төмөр замыг нэг сүлжээнд оруулах зорилго тавьсан гэнэ. Дорнын эдийн засгийн чуулганы хүрээнд болсон “Орос, Өмнөд болон Умард Солонгос: ирээдүйн эдийн засгийн шинэ орон зай” уулзалтын үеэр БНАСАУ-ын Төмөр замын орлогч сайд Ким Юн Хёк мэдэгджээ. “Энэ төсөл асар их боломжтой бөгөөд хэрэгжүүлсэн тохиолдолд бид чухал үр дүнд хүрнэ. Ази, Номхон далайн бүс нутгийг Европтой эх газраар холбох учир уг төсөл түүхэн ач холбогдолтой” гэж тэрбээр хэлсэн байна.

Мөн БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигэн Өмнөд Солонгосын төлөөлөгч И Ду Хун нар Сөүлд уулзаж, Солонгосын хойгийн байдалтай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн тухай “Yonhap” агентлаг мэдээллээ. “Биднийг хүнд ажил хүлээж байна. Гэхдээ АНУ, Умард Солонгосын болон хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын ачаар бий болсон олон боломж бидэнд бий” гэж С.Бигэн хэлжээ.

Нөгөөтэйгүүр, Пёньянд болсон, Солонгосыг энх тайвнаар нэгтгэхийн төлөө олон улсын маршад 30 гаруй орны төлөөлөгч оролцсон тухай ТАСС мэдээлэв. Солонгосын хойгийг бүхэлд нь дүрсэлсэн зургийг гартаа барьсан, хоёр улсыг бэлгэдсэн, 30 орчим метр өндөр хоёр эмэгтэй бүхий Солонгосын нэгдлийн хөшөөнөөс марш эхэлсэн байна.

Уг арга хэмжээг Умард, Өмнөд Солонгос болон, Ким Жөн Ун, Дональд Трамп нарын дээд хэмжээний уулзалтын үеэр дэвшүүлсэн энхийн санаачилгуудыг дэмжихээр зохион байгуулсан гэнэ. Жагсаалд оролцогчид тус бүс нутгийн түгшүүртэй байдлыг намжааж, юуны түрүүнд АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилалтыг зогсоох, тус хойгоос Америкийн цэргийг гаргахыг шаардсан байна.

Уг арга хэмжээг БНАСАУ-ын эрх баригчдын дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ. Замын хоёр талаар үндэсний хувцастай эмэгтэйчүүд зогсож, жагсагчдад баяр хүргэж байв. Маршад оролцогчдын өмнө эмэгтэй цэргийн оркестр явсан гэнэ. Жагсаалд олон улсын янз бүрийн байгууллагын 150 орчим төлөөлөгч, Пёньяны 500 орчим оршин суугч оролцжээ. БНАСАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан гадаадын сэтгүүлчдэд зориулсан хөтөлбөрийн хүрээнд болсон байна.

Мөн “Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох нь Ази-Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдал тогтоох чухал хүчин зүйл юм” гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн уулзалтын үеэр БНСУ-ын Ерөнхий сайд И Нак Ёнтой уулзахдаа мэдэгджээ. “Уг асуудлаар бид АНУ, Өмнөд Солонгостой хамтран ажиллахаар төлөвлөж байна” гэж Ш.Абэ хэлснийг “Kyodo” агентлаг уламжлав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here