УИХ дахь МАН болон АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.
Энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолийн төсөл, Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
Мөн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, болон Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байна.
Дашрамд дурьдахад Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр энэ сарын 08-нд тохиож буй юм.
Үүнтэй холбогдуулан Засгийн газар энэ сарын 08, 09-нд бүх нийтээр амрах шийдвэр гаргасан. Тиймээс энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулган хуралдахгүй.