Монголын Байгаль орчны Иргэний зөвлөл (МБОИЗ)-өөс хэвлэлийн бага хурал хийлгэлээ. МБОИЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, доктор профессор Д.Басандорж: “МБОИЗ-өөс төрийн гурван өндөрлөгт хандан мэдэгдэл хүргүүлэх шаардлага үүсэн бий болоод байна.
Сүүлийн жилд улс орон хэцүү, эдийн засаг хүнд байна гэдэг нэрээр байгаль орчин руугаа дайрах дайралт хэрээс хэтэрч хаа сайгүй малчид, иргэд буу шийдэмдээ тулахад хүрч нутаг ус маань сэглэгдэж тамлагдан дайн болсон юм шиг байдалтай байгааг та бүхэн мэдэж байгаа. Ялангуяа сүүлийн саруудад орон нутгийн иргэд уул уурхайнхны хооронд сөргөлдөөн их хүчтэй өрнөж, хаа сайгүй нутаг орныхоо төлөө тэмцэж байна. Үүнийг тоож байгаа төр гэж байна уу, ер нь Монголд эзэн байна уу гэсэн асуулт тавигдахад хүрлээ.
Байгаль орчны доройтол хямрал хүчтэй үргэлжилж байна. Уг нь Монголын байгаль орчны төлөв байдал ямар байгааг УИХ хэлэлцэж шийдвэр гаргаад Засгийн газар хэрэгжүүлээд явдаг хууль дүрэмтэй. Гэтэл энэ үйл ажиллагаа дээрээ болохоор байдал гайгүй, дажгүй байна гэх хэрнээ дороо амьдрал дээр бол гамшгийн байдалтай, бидний амьдрал эдийн засаг их өртөмтгий байдалд орчихсон, эх орны баялаг хаа сайгүй цөлмөгдөж, хууль бусаар ашиглагдаж байна. Лицензтэй, лицензгүй хайгуул нэрээр ашиглалт явуулдаг байдал газар сайгүй түгээмэл болсон байна.
Манайх 21 аймагт салбар Зөвлөлтэй, тэндээс мэдээллүүд ирж асуудал тавигдаж санал хүсэлтээ илэрхийлж байна. Тиймээс бид УИХ (Байгаль орчин, хүнс ХАА-н байнгын хороо), Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад 10 зүйл бүхий мэдэгдэл хүргүүлж ҮАБЗ-өөр хэлэлцэж шуурхай арга хэмжээ даруй аваач гэсэн мэдэгдэл гаргаж байна. Хариуг авах, үр дүнг тооцох зэрэг арга хэмжээ авч, хаана ямар хууль бус зөрчил гарч байгааг бүх аймаг сумаар явж үзэн ажиллана. Энд нэгдэх хэвлэл мэдээллийн байгууллага, ТББ-уудтай хамтарч ажиллахаа илэрхийлж байна.
Бид шинэ Засгийн газар эмхлэгдэн байгуулагдаж байгаа дээр БОАЖЯ, УУХҮҮЯ зэрэг холбогдох яам, газрынхантай уулзаж шаардлага хүргүүлж хариу авна. Үүнд: БОАЖ-ын сайдад нийгмийн хөгжлийн харилцааг дагаад Байгаль орчны хуулиуд шинэчлэгдэх шаардлага тавигдаж байгааг, Уул уурхайн сайдад бүх лиценз эзэмшигчийг ил тод зарлах шаардлагыг тавина. Хэн хэдэн лицензтэй юм, ард нь хэн байгааг гаргаж зарлах цаг болсон гэж үзэж байна” гэв.