Нүүр хуудас Улс төр УИХ-ын гишүүдийн 57.5 хувийн саналаар Засгийн газар огцорлоо.

УИХ-ын гишүүдийн 57.5 хувийн саналаар Засгийн газар огцорлоо.

234
0

МАН-ын нэр бүхийн 30 гишүүн Засгийн газрын огцруулах албан бичгийг өнгөрсөн 8-р сарын 23-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Энэ дагуу өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар уг асуудлыг хэлэлцэж Мэргэжлийн Засгийн газрыг огцрууллаа.

Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар ээлжит бус чуулган хуралдаж,  гишүүд байр сууриа илэрхийлж дууссаны  дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Эрхэм гишүүдээ, өнгөрсөн  25 жилийн хугацаанд 13 Засгийн газар ажилласан байна. Гүйцэтгэх засаглалыг огцруулах нь хариуцлагын эерэг гэхээсээ сөрөг үр дүнг бий болгожээ. Бид улсаараа хөгжье гэвэл засаглалыг улам тогтворжуулж, тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхий сайд бол энх цагт ч хүнд үед ч нөхдөө орхидог хөлгийн ахмад биш.   Ардчилсан парламентын засаглалтай оронд Засгийн газрыг огцруулах нь байдаг л  хэвийн үзэгдэл  боловч, сайн үйлийг хүртэл хэм хэмжээнээс нь хэтрүүлбэл хор, хохирол болдог. Манай улсын хувьд 25 жилд 13 Засгийн газартай, нэг Засгийн газрын ажиллах дундаж хугацаа  1.7 орчим жил байсан гэдэг бол гүйцэтгэх засаглалыг огцруулах нь хариуцлагын эерэг механизм гэхээсээ илүүтэй улс орны хөгжлийг гацааж, эдийн засгаа хорлодог буруу жишиг болон тогтжээ. Бид заримдаа “гадаадын зарим хөрөнгө оруулалтыг эдийн засгийн алуурчин” гэх нэр хоч өгөн  шүүмжилдэг ч, бодит байдал дээр Монгол Улсынхаа хөгжлийг чөдөрлөн боомилогч нь, басхүү эдийн засгийнхаа “дотоодын алуурчин” нь улстөрчид бид өөрсдөө болжээ. Энэ талаар Та бүхэн надтай санал нийлэхгүй байж болно оо. Энэ бол Эрдэнэбат миний их улстөрд явж, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан цаг хугацаандаа мэдэрсэн хувийн дүгнэлт. 

 Манай танхимыг том төслүүдээ хөдөлгөхгүй байна гэж  зарим хүн шүүмжиллээ. Бид зүгээр суугаагүй. Таатай цаг үеийг хүлээсэн юм. Эдийн засаг сэргэж эхэлсэн ч хямрал дуусаагүй. Олон ажил биднийг  хүлээж байна. Ерөнхий сайдыг огцруулах гурван үндэслэлийг миний бие болон манай танхим хүлээн зөвшөөрөхгүй” гэв.  Мөн тэрээр цааш хэлэхдээ Шадар сайдаа тагнах ёс суртахуун, хүмүүжил надад байхгүйг би энэ индэр дээрээс хариуцлагатайгаар хэлье” гэсэн юм.

Үүний дараа хэлэлцэж буй асуудлаар санал хураалаа. “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн Байнгын хорооны саналыг дэмжье” томьёоллоор санал хурааж УИХ-ын гишүүдийн 57.5 хувийн саналаар Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзлээ.

16.00 цагт эхэлсэн чуулганы хуралдаан дээрх асуудлыг хэлэлцэж 21.40 минутанд санал хураалт явагдлаа. Тодруулбал УИХ-ын дарга М.Энхболд Төрийн байгуулалтын байнгын хорооны Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн шийдвэрээр санал хураахад нийт 73 гишүүнээс 42 гишүүн татгалзаж Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг ийнхүү огцрууллаа.

 Хуралдаанд нийт 73 гишүүн саналаа өгсөн юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү эрүүл мэндийн шалтгаанаар оролцоогүй бол  Б.Наранхүү, Д.Тэрбишдагва хоёр хуралдаа ирсэнгүй.

Дараагийн Засгийн газрыг 30 хоногийн дотор байгуулах хуулийн зохицуулалттай, тэр болтол Ж.Эрдэнэбат Засгийн газрыг  удирдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here