Нүүр хуудас Улс төр УИХ-ын дарга М.Энхболд: Монгол Улс “Бүс ба Зам” санаачилгыг дэмжин, оролцоно

УИХ-ын дарга М.Энхболд: Монгол Улс “Бүс ба Зам” санаачилгыг дэмжин, оролцоно

180
0
gadaad-hergiin-sain-Van-i
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд ноён Ван И-г УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа
~Монгол Улс “Бүс ба Зам” санаачилгыг дэмжин, оролцоно~

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар манай улсад айлчилж буй БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд ноён Ван И-г УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр хүлээн авч уулзлаа.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлснээр уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд эрхэмсэг ноён Ван И болон дагалдан яваа төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд энэхүү айлчлал хоёр орны харилцааны түүхэнд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа илэрхийлэв.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд олон салбарт бүхий л чиглэлээр харилцаа хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин, тодорхой үр дүнгээр баяжиж байгаад сэтгэл их хангалуун байгаагаа тэмдэглэлээ.

Харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр орны язгуур ашиг сонирхолыг харилцан ойлголцож, хүндэтгэлтэй хандан, тулгарч буй асуудлуудыг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэж байх нь хамтын ажиллагааны үр дүн гарах үндэс суурь гэдгийг УИХ-ын дарга онцлов.

Мөн манай хоёр орны хамтын ажиллагаанд өндөр дээд хэмжээний болон төрийн яамдын сайд нарын харилцан айлчлалууд болж, эдгээрийн хүрээнд яригдсан тодорхой яриа хэлэлцээрийг бодит ажил хэрэг болгох чиглэлээр талууд санал санаачилга гарган ажиллах нь чухал болохыг дурдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга,

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон зарим яамны удирдлагууд БНХАУ-д албан айлчлал хийх үеэр, мөн тус улсад олон улсын арга хэмжээнд оролцохдоо хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр олон асуудлыг ярилцан, санал нэгдэж тэдгээр нь түрүүчээсээ бодит ажил хэрэг болж буйд сэтгэл их хангалуун байгааг УИХ-ын дарга М.Энхболд илэрхийллээ.

Ноён Ван И УИХ-ын даргатай биечлэн уулзаж буйдаа баяртай байна гээд “Нэн тэргүүнд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшүгийн мэндчилгээг Танд уламжилж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Та хоёр орны харилцаа хамтын ажиллагааг салбар салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.

Монгол Улсын Их Хурал бол ард түмний төлөөлөл бөгөөд хоёр орны ард иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх, ойлголцлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг хүлээх гүйцэтгэх боломжтой юм. Хоёр улсын ард түмэн хоорондын харилцан ойлголцол нэмэгдэн, найрсаг харилцаа бэхжсэн тохиолдолд БНХАУ болон Монгол Улсын харилцаа хамтын ажиллагааны тогтвортой хөгжлийн том түлхэц болох нь лавтай. БНХАУ бусад улс оронтой эрх тэгш харилцах зарчмыг баримталдаг.

Хөршийн хувиар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийг хүндэтгэж ирсэн болохыг хоёр орны Гадаад харилцааны сайд нарын өнөөдрийн уулзалтын үеэр онцлон ярилцлаа. Хоёр улс бүх түвшиндээ харилцан ойлголцож хамтран ажиллах нь чухал. Монгол Улсын Их Хурлын даргын хувиар Та энэ чиглэлд анхаарал хандуулна гэж найдаж байна” гэлээ.

Уулзалтын үеэр “Бүс ба Зам” санаачилгын үр ашгийн талаар, Монгол Улс дэмжин оролцвол эдийн засаг, нийгмийн харилцаанд гарах олон талын ахиц дэвшлийн талаар ярилцав. Тухайлбал, дээрх санаачилгын хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгдсэнээр улс орны худалдааны эргэлт, бизнесийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцаа өргөжин, эдийн засаг, нийгмийн амьдрал, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой бөгөөд хамтын ажиллагаанд Монгол Улсын санаачилга, нийт ард түмнийх нь хүсэл эрмэлзлэлийг хүндэтгэн үзэх болно гэдгийг Ноён Ван И хэллээ.

Мөн “Бүс ба Зам” санаачилгын анхаарч буй нэг чухал салбар бол байгаль орчны асуудал бөгөөд БНХАУ-ын төрийн зүгээс ногоон хөгжлийг дэмжсэн бодлогуудыг хэрэгжүүлж байгаа талаар дурдав. Түүнчлэн Монгол Улс уг санаачилгыг дэмжин оролцсоноор экспортоо нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүх төрлийн үйлдвэрлэл хөгжих бололцоо бүрдэх ач холбогдолтой гэв.

УИХ-ын дарга М.Энхболд “Монгол Улс “Бүс ба Зам” санаачилгыг дэмжин, оролцох сонирхолтой. Энэ хүрээнд Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван орны эдийн засгийн коридор байгуулахаар ярилцаж байна.

Эдийн засгийн коридор байгуулах санаачилгын хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалтуудын асуудал анхаарал татсан сэдэв юм. Хоёр улсын хооронд дээрх хүрээнд яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгох тал дээр ноён Ван И Таныг дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Түүнчлэн 2014 онд баталсан хоёр орны төмөр замын салбарын хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг БНХАУ-ын тал соёрхон батлах учиртай бөгөөд үүнд ноён Ван Иг дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа УИХ-ын дарга илэрхийллээ.

Монгол Улс, БНХАУ худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаандаа анхаарал хандуулахын зэрэгцээ боловсрол, соёл, спорт, хүмүүнлэгийн, ТББ-ын, иргэд хоорондын болон орон нутгуудын хамтын ажиллагааг хөгжүүлж байгааг УИХ-ын дарга М.Энхболд тэмдэглэн хэлэв. 2018 оны нэгдүгээр сард хоёр улсын Хүмүүнлэгийн зөвлөлийн хурал болж, 40 гаруй ажлыг төлөвлөн, энэ дагуу ажил хэрэг өрнөж байгаад баяртай байна гэлээ.

Хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа хоёр орны харилцааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг тэрбээр тэмдэглээд хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд идэвжүүлэх нь зүйтэй.

2014 онд Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.

Энэ хүрээнд парламент хоорондын байнгын уулзалтын механизмын уулзалтууд болсон талаар дурдав. Үргэлжлүүлэн тэрээр “Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшүг манай улсад айлчлах урилгыг хүргүүлсэн бөгөөд энэ удаагийн уулзалтаар урилгаа нотолж байна” гэлээ.

2019 онд тохиож байгаа хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр улсын 70 жилийн харилцаа хамтын ажиллагааг дүгнэн, цаашид өргөжүүлэн баяжуулж шинэ хуудас нээх бололцоо бүрдэх ач холбогдлыг анхаарч талууд хүчин чармайлт тавих нь зүйтэй хэмээн уулзалтын төгсгөлд тэмдэглэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here