УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүд уурхайгаас олборлож худалдсан эсхүл ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс улсын төсөвт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) төлдөг.
Өөрөөр хэлбэл, бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан байгууллагууд АМНАТ төлдөггүй аж.
Иймд ашигт хувь хүн, бичил уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэр эрхлэгчдийг АМНАТ төлдөг байхаар хуулийн төсөлд тусган нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсныг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдлаа.
Тэрбээр, “УИХ-ын 2017 онд баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан “Монголбанк, арилжааны банканд худалдсан алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байна” гэсэн заалт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болж байгаа.
Уг хууль 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 2015 онд 15.1 тонн, 2016 онд 18.3 тонн, 2017 онд 20 тонн болж өссөн байна. Тиймээс уг заалтыг дахин 5 жил хэрэгжүүлэх нь зөв хэмээн үзсэн” хэмээв.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Ж.Бат-Эрдэнэ гишүүн, “Алт бол ард түмний өмч. Энэ өмчийн үр ашгийг иргэдэд хүргэхийн тулд АМНАТ-ийг өндөр тогтоох ёстой” гэлээ.
Валютын ханш, шатахууны ханшийн өсөлтийг хязгаарлахад Монголбанкинд тушаах алтны хэмжээг нэмэх нь туйлын чухал юм. Нөгөөтэйгүүр Европын Холбооны Улс 2021 оноос хойш гарал үүсэл нь тодорхой бус алтыг худалдаж авахгүй гэсэн мэдэгдэл гаргажээ.
Тиймээс АМНАТ-ийг үргэлжлүүлэн 2.5 хувиар тогтоож, Монгол Улсын нутаг дэвсгэрээс олборлож буй алтны хэмжээ, борлуулалтад хяналт тавих хэрэгтэй гэдгийг УУХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Элбэгзаяа тайлбарлав.
Монголбанкинд тушааж буй алтны 60-70 хувийг жирийн иргэд тушаасан гэсэн үзүүлэлт байгааг Д.Тэрбишдагва гишүүн хэллээ. Тэрбээр, “Аж ахуйн нэгжүүд иргэдийн алтыг худалдаж авдаг. Үүнийхээ дараа Монголбанкинд жирийн иргэний дүрээр алтаа тушааж, татвараас зугатаж байна. Тиймээс АМНАТ-ийг хамгийн багадаа 5 хувиар тогтоох хэрэгтэй” гэлээ.
Ийнхүү үдийн завсарлагааны цаг болсон тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг 15.00 цагаас үргэлжлүүлэхээр тогтлоо.