Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлтэй холбогдуулан авто замын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг тодорхойлж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгөхөөр Зам, Тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дархан-Уул аймаг, Төв аймгийн Баянчандмань, Сүмбэр сумдад ажиллалаа.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар өдөрт дунджаар 5800 орчим тээврийн хэрэгсэл зорчдог бол наадам, цагаан сар зэрэг зорчигчдын урсгал нэмэгддэг оргил ачааллын үеэр өдөрт 12300 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг.
Энэ нь бусад ижил зэрэглэлийн авто замаас нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим 1,4-2,7 дахин их бөгөөд тээврийн хэрэгсэл аюулгүй зорчин өнгөрөх нөхцөл алдагдаж, өндөр эрсдэлтэй болгодог.
Б.Энх-Амгалан сайд дээрх чиглэлийн авто замын засвар арчлалтын өнөөгийн байдалтай танилцаад, авто замын шинэчлэл хийгдэх үеэр түр зам гаргах, түгээмэл тархацтай ашигт малтмалын лиценз, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж, иргэдтэй хууль, журмын дагуу хамтран ажиллахыг холбогдох албаны хүмүүс, орон нутгийн удирдлагуудад чиглэл болгов.
~Зам, Тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дархан-Уул аймаг, Төв аймгийн Баянчандмань, Сүмбэр сумдад ажиллав~
Мөн түр зам гаргаснаар үүсч болох болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, Тээврийн цагдаагийн албатай нягт хамтарч ажиллах, төмөр зам, авто замтай огтлолцох цэгүүдийг нарийн тооцоолж, ажлаа яаралтай эхлэхийг Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын хэсгийн ахлагч, Зам, Тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдод үүрэг болголоо.
Олон улсын транзит тээвэр дамжин өнгөрөх, босоо тэнхлэгийн гол зам Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 километр хоёр эгнээ авто замын засвар арчлалтын хөрөнгийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэхээр болсон. Харин шинээр хоёр эгнээ зам нэмж, дөрвөн эгнээ болгох өргөтгөлийн ажлын санхүүжилтийг эхний ээлжинд
Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаас гаргаж, Европийн сэргээн босголт, хөгжлийн банкнаас нөхөн төлөх нөхцөлөөр шийдвэрлэх саналыг боловсруулан, холбогдох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.