Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын 27 гишүүн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн, “Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулсан юм.
Статистикийн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр нь статистикийн дунд хугацааны үйл ажиллагааны зорилтыг тодорхойлсон бөгөөд тус байгууллагын үйл ажиллагаа, үзүүлэлтүүдийг олон улсын стандартад нийцүүлэх, зорилго, зорилт хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа тодорхойлж, түүнд хүрэх арга зам, шаардагдах хөрөнгө, хүн хүчний нөөцийг нарийвчлан тооцсон дэс дараатай хэрэгжүүлэх тулгуур бичиг баримт ажээ. Уг хөтөлбөр нь 7 бүлгээс бүрдсэн бөгөөд статистикийн салбарыг хөгжүүлэх 6 зорилго, түүнийг хэрэгжүүлэх статистикийн үйл ажиллагааны 25 зорилт, 155 арга хэмжээг хамарсан аж.
Тогтоолын төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс өөр асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.