“Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллага өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийлээ. Тус байгууллага Монгол Улсын ирээдүй болсон залуу үед эх оронч үзлийг төлөвшүүлэх, Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа, үнэт зүйлсийг хамгаалах, төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой аж.
Монгол Улсад цагдаа, хил хамгаалах, зэвсэгт хүчний 27 төрийн бус байгууллага байдаг бөгөөд эдгээр холбооны нийгэмд хүрэх дуу хоолойг нэгтгэх, байр суурийг бэхжүүлэх зорилгоор уг нэгдсэн холбоог байгуулжээ. Анхдугаар хуралдаанд дээрх төрийн бус байгууллагын 950 төлөөлөгч оролцож, тус холбооны тэргүүнийг сонгож, бүтэц, үйл ажиллагааны дүрмийг батлав.
Холбооны тэргүүнээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар сонголоо. Мөн холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн 31 гишүүнтэй байх бөгөөд төв салбар Улаанбаатарт байрлах, орон нутагт салбар нэгжтэй байж болохоор дүрэмд тусгав. Холбооны ээлжит их хурлыг зургаан жилд нэг удаа, ээлжит бус чуулганыг холбооны тэргүүний шийдвэрээр хуралдуулж байх юм.