У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийх айлчлалаар Автозам, Таван толгойн асуудлаар яригдана
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ. Айлчлал энэ сарын 8-12-ний өдөр хүртэл үргэлжлэх юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр орой БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хүрэлцэн ирж, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар угтан авсан.
Харин өнөөдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг БНХАУ-ын Ардын их хурлын танхимд албан ёсоор угтаж авах ёслол болох юм. Улмаар хоёр орны Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, баримт бичигт гарын үсэг зурах юм.
Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нарт тус тус бараалхах бөгөөд эдгээр уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, тэр дундаа хоёр талын улс төр,
эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг зэрэг салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг урагшлуулах өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм.
Мөн Засгийн газар болон байгууллага, аж ахуйн нэгжүүд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурна.
Ерөнхий сайды БНХАУ-д хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ
Айлчлалын гуравдах өдөр буюу маргааш Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дэлхийн хөгжлийн төлөөх нээлттэй, шинэлэг Ази” сэдвийн дор болох Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтын нээлтэд оролцож үг хэлэх юм.
Тэрбээр энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерештэй уулзалт хийж, БНХАУ-ын ЭКСИМ банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд Намын хорооны нарийн бичгийн дарга Ху Шяолянийг хүлээн авч уулзахаар товлоод байна.
Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бээжин хотноо болох “Монгол, Хятадын бизнес форум”-д оролцож, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийхээр айлчлалын хөтөлбөрт тусгагдаад байна.
Энэхүү форумыг МҮХАҮТ, Хятадын олон улсын худалдааг дэмжих хорооноос хамтран зохион байгуулах бөгөөд энэ үеэр хоёр орны ААН-үүд хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурах аж.
Форумд хувийн 24 ААН оролцож, ойролцоогоор 4.6 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 30 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөгдөж байна.
Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалаар бодлогын чухал яриа хэлэлцээнүүд болох бөгөөд Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, Гашуунсухайт-Ганц модны боомт, Тавантолгойн орд зэрэг томоохон хөрөнгө оруулалт, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хэлэлцээр хийх хүлээлттэй байгаа юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийх айлчлал ӨМӨЗО-ны Баяннуурт хүрэлцэн очиж, Ганц модны боомтод ажилласнаар пүрэв гарагт өндөрлөх юм. Тэрбээр үргэлжлүүлэн Гашуун сухайт боомт, Тавантолгойн нүүрсний орд, Өмнөговь, Дорноговь аймагт ажиллахаар төлөвлөөд байна.
Монгол-БНХАУ-ын харилцааны талаар сонирхолтой тоо баримт дурдвал:
Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил 69 дэх жил болж байна.
Монгол, Хятадын хилийн шугам 4709,6 км үргэлжилдэг.
Хоёр тал 1950 онд Улаанбаатар, Бээжин хотноо тус тус Элчин сайдын яамаа харилцан нээсэн.
1949-1962 онд хоёр талын харилцаа шинээр төлөвшин хөгжиж, энэ хугацаанд Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ (1960 он), Хилийн гэрээ (1962 он) зэрэг хоёр орны харилцааны эрх зүйн үндэс суурийг тавьсан олон гэрээ байгуулагдсан.
2003 оны 6 дугаар сард БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр тал Монгол, Хятадын сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг тогтоон хөгжүүлэхээр тохиролцсон.
2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурсан.
2011 онд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг тогтоон хөгжүүлэхээр тохиролцсон.
2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал “Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр”-ийг байгуулсан.
2014 оны 8 дугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Засгийн газар болон хувийн хэвшлийн хооронд нийт 37 баримт бичигт гарын үсэг зурж, хоёр улсын харилцааны түвшинг Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэх улс төрийн шийдвэрийг зарласан.
Монгол, БНХАУ-ын талаас тус бүр 4 удаа Ерөнхийлөгчийн түвшний айлчлал хийж байжээ. Монголын талаас 1998, 2004, 2010, 2015 онд Ерөнхийлөгч, БНХАУ-ын талаас 1991, 1999, 2003, 2014 онд БНХАУ-ын дарга тус тус айлчлал хийж байв.
Ерөнхий сайдын түвшний айлчлал Монголын талаас 2017 онд, БНХАУ-ын талаас 2016 онд хийж байжээ.
Монгол Улсад оруулсан гадаадын хөрөнгө оруулагч орнуудыг Хятад Улс сүүлийн 14 жил тэргүүлж байна.
Хоёр орны боловсролын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн дагуу жил бүр манай 220 оюутан хятадын талын зардлаар суралцаж байна.