Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Өмнөговь аймаг дахь Тавантолгойн нүүрсний бүлэг ордод ажиллаж, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Энержи Ресурс” ХХК, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн удирдлагуудтай уулзлаа.
Энэ үеэр Тавантолгойн ордын ашиглалтыг сайжруулах талаар ойрын хугацаанд улс төрийн шийдвэр гаргаж, УИХ-аар хэлэлцүүлэн, төмөр зам, автозам, цахилгаан станц зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх шийдвэрийг Ерөнхий сайд гаргав.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлүүлж, үргэлжлүүлэн Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн түүхий эдийн экспортын гол боомт болох Ганцмод-Гашуунсухайтын үйл ажиллагаатай танилцсан.
Харин Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд Тавантолгойн нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй компаниудын удирдлагуудтай уулзаж үүрэг даалгавар өгсөн юм.
У.Хүрэлсүх: Тавантолгойг сайжруулах улс төрийн шийдвэр гаргана.
Эзэмшлийн 51 хувь нь Өмнөговь аймгийн өмчид байдаг орон нутгийн “Тавантолгой” ХК Таван толгой орд газрын 276 га талбайд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 192.7 сая тонн нүүрсний нөөцтэй. Өнгөрөгч онд улсын төсөвт 165 тэрбум төгрөг төвлөрүүлж, 141 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Өмнөговь аймгийн төсвийн 70 хувь, Цогтцэций сумын төсвийн 90 хувийг дангаар бүрдүүлдэг тус компани 1000 гаруй ажилчинтай, 95 хувь нь тус орон нутгийнх байдаг хэмээн “Тавантолгой” ХК-ийн захирал Р.Сэддорж танилцуулж байв.
Тавантолгойн бүлэг ордод 52 жил үйл ажиллагаа явуулж байгаа тус компани ордын хэмжээнд дотоодын зах зээлд борлуулалт хийдэг цорын ганц компани бөгөөд 1 тонн нүүрсийг олборлох өртгөөс даруй хоёр дахин хямд үнээр иргэдэд борлуулдаг аж.