~Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэх болов~
УИХ-ын хаврын ээлжит чуулганы 14-ний нэгдсэн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай /ХХОАТ/ хуульд өөрчлөлт оруулах эсэх тухай хэлэлцлээ.
Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт саарч, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавхи суларснаас цалин хөлс, орлого төдийлөн нэмэгдээгүй. Энэ нь иргэдийн, ялангуяа бага орлоготой иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж байна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Тиймээс ХХОАТ-т үзүүлэх хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах замаар иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхээр хуулийн төслийг боловсруулсан байна.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2016 оны 04 дүгээр тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 240 мянган төгрөг байхаар тогтоосон юм.
Тиймээс ХХОАТ-т үзүүлэх хөнгөлөлтийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байхаар хуульчлан тогтоох аж. Ингэснээр татвар төлөгч иргэн жилд 240 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олон хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Мөн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.